XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1, 2-ны өдөр нь 2024 оны хоёрдугаар сарын 10, 11-нд буюу өнгөрсөн бямба, ням гарагт тохиосон. Харин шинийн гуравны өдөр нь 12-ны даваа гарагт таарсан билээ. Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хуультай. Харин энэ жилийн цагаан сарын бүх нийтийн амралтын өдрүүд нь амралтын өдөр таарч, цөөн хоногт золголт хийсэн нь зарим иргэний бухимдлыг төрүүлээд байна. Үүнээс үүдэн иргэд "Цагаан сар зэрэг үндэсний их баяр наадмын үеэр олон хоног амардаг болох эсвэл амралтын өдөр таарвал ажлын өдөр нөхөж амардаг болох ёстой" зэргээр олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлээд байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг иргэдийн дээрх санал тулгуурлан Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт руулахаар ажиллаж эхэлжээ.
Түүнээс энэ талаар тодруулахад, "Цагаан сарын баярыг гурав хоногт тэмдэглэх нь иргэдийг ядраадаг мөн яарч адгасан нь хөдөө орон нутгийн осолд их өртдөг зэрэг хүндрэлтэй тал байна. Мөн үндэсний хэмжээний баярыг өргөн дэлгэр, утга учиртай тэмдэглэх нь ёс уламжлалыг хойч үедээ өвлүүлэхэд ч нэмэртэй. Тиймээс би хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ажиллаж эхэлсэн" гэлээ. Дээрхээс гадна тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаст "Сар шинийн баяраар амрах өдөр цөөн түгжрэл их, хөдөө орон нутаг руу явж ахмад настан, азай буурлуудтайгаа золгоход туулах зам урт, амрах өдөр цөөн тул санд мэнд явлаа гэж цахим сүлжээнд иргэд санал бодлоо их илэрхийлжээ. Тиймээс олон өдөр баяр тэмдэглэж амардаг биш үндэсний уламжлалт баяр болох Цагаан сар, Улсын баяр наадмаар л уртхан амраад бусад баяруудаар ажлаа цалгардуулахгүй ёслоод өнгөрдөг болъё гэдэг санал их гарчээ. Үндэсний уламжлалт хоёр баяраар уртхан амраад бусад үед ёслоод өнгөрдөг болох энэ саналыг бодууштай. Иргэдээс гарч байгаа саналыг дэмжиж байна" гэж бичсэн байдаг.