Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад энэ сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл хийв. Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр энэ үеэр хэлэхдээ олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, геополитикийн эгзэгтэй энэ үед Монгол Улс ухаалаг бодлого явуулж байгаа учир санал бодлоо солилцож байх нь чухал гэдгийг онцлов.
Мөн 3.5 сая хүн амтай улсад герман хэлээр ярьдаг 35 мянган хүн байдаг нь маш өндөр үзүүлэлт гэдгийг тэмдэглэж, мянга мянган монгол оюутан ХБНГУ-д суралцаж байгааг хэлсэн юм.
Цаашид Стратегийн түншлэлээ тууштай хөгжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, уул уурхай, түлш, эрчим хүчний салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон ХБНГУ-ын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой бодлогыг харилцан уялдуулж, хамтран ажиллахаа зарлалаа. Талууд харилцаа, хамтын ажиллагааны дараагийн 50 жилийн хөгжлийг өөдрөгөөр харж байгаагаа онцлон тэмдэглэлээ.