Б.Энхмөнх: "Түгжрэл хариуцсан сайд" Б.Дэлгэрсайханд хууль сануултал утсыг минь авч шидэн бүр машинаараа дагаж, "Хутгална, ална" гэж сүрдүүлүүлсэн

Б.Энхмөнх: "Түгжрэл хариуцсан сайд" Б.Дэлгэрсайханд хууль сануултал утсыг минь авч шидэн бүр машинаараа дагаж, "Хутгална, ална" гэж сүрдүүлүүлсэн

Өнгөрсөн амралтын өдөр буюу ням гарагт /2024.02.04/ Түгжрэл хариуцсан сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нар Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод төрийн албан хаагчидтай уулзаж, заримд нь шагнал гардуулсан байна.

Уг үйл ажиллагааг тус өдөр мөн Даланзадгад хотод ажлаар явж байгаад мэдсэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Б.Энхмөнх эсэргүүцэж, уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, сайд Б.Дэлгэрсайханд Хөдөлмөрийн хууль сануулжээ. Харин Б.Дэлгэрсайхан сайд түүний шаардлагыг улстөржилт хэмээн бухимдан хүлээн авч улмаар утсыг нь шидэх зэрэг үйлдэл гаргажээ. Цаашлаад өөрийн Лексус 600 маркийн машинаар Б.Энхмөнхийг дагасан байна. Уг маргааны дараа Б.Энхмөнхийг Өмнөговийн цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулиар шалгаснаас гадна мэдэхгүй дугаараас огт танихгүй хүн ярьж “Хутгална. Хаа байгаа газарт чинь очиж ална” сэргээр сүрдүүлсэн гэх. Уг үйл явдлын талаар Б.Энхмөнхтэй ярилцлаа.

ВИДЕО: 

-ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, 850 АЛБАН ХААГЧИЙГ АМРАЛТЫН ӨДӨР ДУУДАЖ ЗААЛАНД ЦУГЛУУЛСНЫГ НЬ БИ ШҮҮМЖИЛСЭН-

-Энэ сарын 04-ны өдөр та Даланзадгад хотод ажлаар явж байхдаа Түгжрэл хариуцсан сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай ширүүн маргажээ. Энэ өдөр чухам ямар үйл явдал болсон юм бэ. Та тэр хүнийг яагаад шүүмжлэх болсон мөн Монгол Улсын ямар хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа вэ?

-УИХ-ын гишүүн иргэдийг төрд төлөөлөх үүрэгтэй. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүд нэг аймаг, бүсийн хаан болчихож. Өнгөрсөн амралтын өдөр буюу ням гарагийн 14:30 цагт Б.Дэлгэрсайхан сайд Өмнөговь аймгийн Хөгжим бүжгийн театрт 850 төрийн албан хаагчийг цуглуулж байгаад уулзалт хийсэн.

Бүсчилсэн хөгжлийн асуудлаар уулзсан гэсэн. Ингэхдээ амралтын өдөр төрийн албан хаагчдыг дуудаж, заал дүүргэсэн. Яг энэ үед би хөдөөнөөс орж байсан учир уулзалтын талаар эхэндээ мэдээгүй байсан. Харин зарим нэг таньж мэддэг  хэлэхээр нь яваад очсон.

Энэ үеэр зарим хүн нэг бичиг үзүүлээд “Цагаан сар дөхсөн хувийн ажил ихтэй байхад амралтын өдрөөр дуудаж, уулзаж байна. 14.00 цагаас хойш бид энд хүлээж байна. Эхлэхгүй байж, байж сая нэг эхэлсэн. Одоо шагнал гардуулах юм байна. Яг үнэндээ бол Улаанбаатар хотоос ирсэн сайдын яриаг ажлын бус цагаар сонсох ёстой гэсэн Хөдөлмөрийн хуулийн заалт байхгүй. Бидэнд хүлээсэн үүрэг ч байхгүй” гэдэг асуудлыг ярьж байсан.

Тэднийг ингэж хэлэнгүүт нь би зааланд яваад орлоо. Заал ч дүүрэн хүнтэй. Байгууллагын дарга, эрхлэгч нар үүдэнд зогсчихсон ирсэн ажилтнуудаа бүртгээд зогсож байсан. Ингээд байж байтал Б.Дэлгэрсайхан сайд зааланд үгээ хэлчхээд тайзнаас буусан. Хамт явж байсан албаныхан нь театрын завжны хаалгаар аваад гарч байхад нь би таарчихгүй юу. Таараад би “Дэлгэрсайхан сайдаа та хууль зөрчиж төрийн албан хаагчдыг цуглуулсан байна” гээд л хэлсэн чинь өөдөөс “Чи муу хэн юм бэ” гээд  орилсон. Би төрийн албан хаагчдад тараасан бичгийг нь уншиж өгөх гээд гар утастайгаа хамт барьчихсан зогсож байтал гарыг алгадаад... Гар утас унаад шалаар нэг тачигнасан чимээ. Тэр үед Б.Дэлгэрсайхан сайд “Утас чинь эвдэрсан байвал цагдаагийн байгууллагадаа гомдол гаргаад надаар төлүүлээрэй” гээд л загнаад байсан. Би газарт унасан утсаа аваад дахиад л нөгөө цаасан дээрх агуулгаа тайлбарлах гэж үзсэн. Угтаа бол тайлбарлах гээд л байгаа санаа нь тэр юм.

Гэтэд дахиж миний утсыг алгадаж унагаад, намайг түлхээд. Миний хувьд хууль дүрэм, хэм хэмжээгээ мэднэ. УИХ-ын гишүүний биед халдаж болохгүй. Тийм учраас эв зүйгээр ярилцчихье гэж бодож байсан.

-Уг нь та хууль сануулж, эвээр ярилцаж хариу авчхаад явъя гэж очсон гэж ойлголоо.

-УИХ-ын гишүүд хуулийг хамгийн өндөр дээд хэмжээнд сахих ёстой. Гэтэл өөрсдөө Хөдөлмөрийн хууль зөрчөөд амралтын өдөр хүмүүсийг амраахгүй заал танхимд цуглуулаад байж болохгүй. Үүнийг л би сануулах гэсэн юм. Гэтэл хүний үг сонсохгүй, шууд дүрэлзээд л явчихсан. Би өмнө нь олон хүнтэй маргаан, мэтгэлцээн болж байсан. Хүмүүстэй ойлголцож болдог. Харин энэ хүнтэй ойлголцож чадахгүй юм билээ. Хар, цагаан дуугүй шууд утсыг минь аваад шидчихээр яаж цааш харилцах юм бэ.  Түүнд л би бухимдсан юм. Бухимдахдаа би тэр хүнийг харааж, ерөөж элдвээр хэлээгүй. Гагцхүү төрийн албанд ажиллаж буй хүмүүсийг Цагаан сарын их бэлтгэлийн үеэр дуудаж бүтэн нэг өдрийг нь алдагдуулсанд л шүүмжлэлтэй хандсан юм. Хамт явж байсан хүмүүс нь ч их увайгүй, бараг л барьж авч зодохоор байна лээ. Хүмүүс тойроод зогссон байсан тулдаа л зодоогүй байх. Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэж Чингис хааны билиг сургааль байна. Гэтэл Б.Дэлгэрсайхан сайд биеэ засч ч амжаагүй хүн байгаа байхгүй юу. Тэр хүн надад “Өө Энхмөнхөө ингэсэн байна уу. Энэ бол буруу шүү. Цаашид анхааръя” гээд л хэлчихэд болох юм шүү дээ. Ер нь ийм ааш араншин их эртнээс “томорчихсон” амьдралаас тасарчихсан хүмүүсээс л гардаг юм.   

-МИНИЙ УТСЫГ ХОЁР Ч УДАА АВЧ ШИДСЭН. ДАРАА НЬ ЛЕКСУС 600 МАШИНТАЙГАА ДАГАСАН. УДАЛГҮЙ ЦАГДАА Ч ИРЖ БИЧИГ БАРИМТЫГ МААНЬ ХУРААСАН БАЙДАГ ЮМ-

-Таны утсыг авч шидсэний дараа процесс яаж үргэлжилсэн бэ?

-Миний утасны хамгаалалтын кейс, шилэн наалт зэрэг хагарсан. Гэхдээ энэ яахав. Ер нь Б.Дэлгэрсайхан сайд цаашид аймаг орон нутагт ажиллахдаа амралтын өдөр төрийн албан хаагчдыг цуглуулахаа больчих. Нээлттэй зараа түгээ. Хүсч буй иргэн нь ирээд уулзана биз дээ. Тэгэхгүй хүчээр бүгдийг нь цуглуулж болохгүй. Төрд төлөөлөх эрхээ ард түмнээс авдаг. Тэгснээ ард түмнийхээ эсрэг ажиллаж болохгүй шүү дээ.

Ингээд би “За за энэ хүн ч үг хүлээж авахгүй нь” гэж бодоод гараад явсан юм. Гэтэл Б.Дэлгэрсайхан сайд хар өнгийн Лексус 600 машинтайгаа дагаад байсан. Аймар юм байна лээ шүү дээ.

Хүнтэй үг, үзэл бодол таараагүй байж болно. Гэхдээ машинтайгаа дагах нь ямар ёс зүй вэ. Ингээд би байрлаж байсан буудлынхаа гадна ирээд зогсож байтал цагдаа нар ирсэн. Ирээд миний машиныг хар  хуулгатай байна. Хуулж авна гэсэн. Бүр “Таньтай харьцахгүй” гэж хэлээд жолоочийн маань бичиг баримтыг хураасан. Би “За би дүрэм зөрчиж хар хуулгатай машин унасан байна. Гэхдээ хотод очоод хуулчихаж болох уу. Зөрчлийн хуулиар торгоод явуулаад өгөөч. Хот руу яаралтай гарах гэсэн юм” хэмээн гуйсан. Гэтэл хүлээж авалгүй шууд машин руу орж ирээд цонхны хуулга хуулах оролдлого хийсэн. Тэгээд бичиг баримт хураагаад явчихсан. Бид нар араас нь очиж бичиг баримтаа авах гэсээр байтал тэр өдөр хот руу явах ажил маань талаар болсон. Гуйж байгаад бичиг баримтаа авсан л даа. Мөн хотод ирээд бид тенээ авсан. Ингээд цагдаагаас бичиг баримтаа аваад гараад иртэл нэг хүн залгаснаа “Чиний бөгсөнд чинь хутга шаана. Чи хаана явж байна. Тэр газарт чинь очиж ална” гэж хэлсэн. Тэр хүн Б.Дэлгэрсайхан сайдтай хамт явж байсан хүмүүсийн л нэг байсан байх. 

Мөн энэ талаар би сошиал хаягтаа бичсэний дараа Дорноговь аймгаас маш олон хүн холбогдож “За миний дүү наад хүнтэйгээ сөргөөлдөж болохгүй. Хүмүүсийг босгоод загнаад, загнаад явчихдаг. Сөрсөн хүмүүсийг маш ихээр боож, боломжоор нь хаадаг. Болгоомжтой байгаарай. Өдөр тутмынхаа амьдралд хяналттай байгаарай. Араас чинь юу ч хийж мэднэ” гэж захисан. Хүмүүсийг тэгэж хэлэхээр нь би цочсон. Юу билээ, би яалаа. Уг нь би төрийн албан хаагчдыг өмөөрч үг хэлсэн шүү дээ.

-Уучлаарай. Та УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албыг ахалж байна. Энэ үүднээсээ та улстөржөөд Б.Дэлгэрсайхан сайдыг эсэргүүцсэн юм биш биз дээ?

-Над руу залгаж утсаар сүрдүүлсэн хүн ч мөн “Чи муу яасан их улстөрждөг юм” гэж хэлсэн. Хэрвээ би улстөржсөн бол заал дотор бужигнуулна шүү дээ. Заалан индэр рүү гарч үг хэлээд иргэдийг Б.Дэлгэрсайхан сайдын эсрэг турхирна шүү дээ. Надаас тэр зэргийн үйлдэл гарна. Гэтэл би тэр хүнийг заалнаас гараад явахад нь таараад уулзах гэсэн юм шүү дээ. Ийм хандлага, харилцаатай хүн Засгийн газарт ажиллаж бодлого боловсруулж байна гэхээр харамсмаар. Б.Дэлгэрсайхан сайд бүсчилсэн тойрогт Өмнөговьд нэр дэвших юм байна. Гэхдээ говийн ард түмний төлөө зүтгэх гэж байгаа юм бол зарчимтай байх ёстой л гэж бодож байна.

-Танд дахин сүрдүүлэг ирсэн үү?

- Одоогоор ийм үйлдэл давтагдаагүй байна. Гэхдээ би  хүмүүстэй хамт явж байна. Энгэрийн камертай явж ямар нэгэн халдлага болоход бичихэд бэлэн байгаа. Учир нь маш олон хүн “Наад хүн чинь аймар аргатай шүү.Мартагнуулж байгаад чам руу хүн явуулж мэднэ шүү. Учир нь наад хүн чинь Эрүүгийн мөрдөн байсан шүү. Өөрийнхөө аюулгүй байдалд анхаараарай” гэж хэлж байгаа. Хэрвээ миний бие, гэр бүл, өмч хөрөнгөд ямар нэгэн байдлаар гадны халдлага үйлдэл болбол гагцхүү Б.Дэлгэрсайхан сайдтай холбоотой шүү гэдгийг хэлье. Түүнээс би “Одод болохын хүслэн” тэмцээнд орж байгаа юм шиг ааш гаргаагүй шүү. Тийм хүсэл ч байхгүй. Би аль болох хүнтэй эвтэй байхыг хүсдэг.