Элчин сайд Шэнь Миньжуань: "Бүс ба зам" хамтын ажиллагаа Хятад, Монголын харилцааг өндөр түвшинд хүргэнэ гэж итгэж байна /ВИДЕО/

Элчин сайд Шэнь Миньжуань: "Бүс ба зам" хамтын ажиллагаа Хятад, Монголын харилцааг өндөр түвшинд хүргэнэ гэж итгэж байна /ВИДЕО/

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын цагаач иргэдийн нийгэмлэг, Монгол-Хятадын Найрамдал хамтран Монгол Улсад оршин суугаа Хятад иргэдэд зориулсан 2024 оны Хаврын баярыг угтсан гала тоглолтыг "Хаврыг халуун дотноор угтан, хаврын цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлцгээе" уриан дор зохион байгууллаа.

ВИДЕО:

Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон БНХАУ-ын Худалдааны ерөнхий танхим, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, Күнзийн институт, Наньжин хотын соёл, аялал жуулчлалын товчоо, Гадаад харилцааны албаны төлөөлөл зэрэг албаны хүмүүс оролцлоо. Мөн  Монгол Улсад оршин суугаад Хятад иргэд оролцсон юм. 

Уг баярын арга хэмжээний үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань "Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагаа өргөнжин тэлсээр байгааг дуулгаад "Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар БНХАУ-д айлчилж, Хятадын удирдагчидтай шинэ чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр талын худалдаа 30 хувиар нэмэгдэж, 17 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо. Манай хоёр хөрш орон халдварын өмнөх хэвийн байдалдаа орсон" гэдгийг онцолсон юм. 

Мөн тэрбээр "Энэ жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн жил, Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа нь хөгжилд чухал ач холбогдолтой. "Бүс ба зам" хамтын ажиллагаа Хятад, Монголын харилцааг өндөр түвшинд хүргэнэ" гэж итгэж гэсэн юм. 

Харин Хятад цагаач иргэдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Бай Шуанжань Монгол Улсад суугаа Хятадын цагаач иргэд болон баярт хүрэлцэн ирсэн нийт хүмүүст баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тус арга хэмжээнд Монгол-Хятадын Найрамдал сургуулийн сурагчид луу, арслангийн бүжиг бүжиглэн үзэгч олныг баясгасан юм. 

Монгол-Хятадын Найрамдал сургуулийн сургалтын менежер  Н.Сүрэнжав "Энэхүү арга хэмжээний гол хэсэг болох “Арслан, луу”-гийн бүжигт манай сургуулийн дөрвөн багш, 20 сурагч хамтран мэргэжлийн багш нарын удирдлага дор амжилттай бэлдэж оролцлоо. Монгол-Хятадын Найрамдал сургууль үүсгэн байгуулагдаад 60 жилийн ойгоо угтаж байна. Манай сургууль сурагчдадаа хятад хэлний гүнзгийрүүлсэн мэдлэгийг олгож БНХАУ-ын топик дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлгээр суралцах боломж олгодгоороо маш том давуу талтай. Манай сургуулийг төгссөн төгсөгчид маань чадварлаг боловсон хүчин болж Монгол Улсад төдийгүй дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байна" гэдгийг онцоллоо.