УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг 2022 оны арванхоёрдугаар сард цагдан хорьж, шалгаж эхэлсэн байдаг.
Тодруулбал, Ж.Батзанданийг “Улс төрийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд байнга тогтвортой оролцсон үйлдэл"-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.
Ж.Батзандан шалгагдаж байх энэ хугацаандаа "Эхнэрээ эмчлүүлж, хүүхдүүдээ харна" гэсэн шалтгаанаар өөрт нь тавьсан хилийн хоригоо цуцлуулж БНСУ руу явсан байдаг.
Тэгвэл түүнийг холбогдуулан шалгаж байсан хэрэг хэрэгсэхгүй болсон талаар Ж.Батзандан өөрийн facebook хуудастаа, "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" гэсэн Нийслэлийн прокурорын газрын 2023 оны арванхоёрдугар сарын 28-ны өдөр гэсэн огноотой албан бичгийг нийтэлж, "Хоригдож, баригдаж, шалгагдаж, шалгуулж явахад минь үргэлж дэргэд минь байж, урам зоригоор тэтгэж, итгэж ирсэн Та бүхэндээ баярлалаа. Шийдвэр гарчээ. Эрх чөлөө эргэн ирлээ. Та бүхэндээ баярлалаа" хэмээн мэдэгджээ.