УИХ-ын намрын ээлжит чуулганыг өнгөрсөн сарын 17-ны өдөр /2024.01.17/ хаасан. Улмаар энэ сарын 5-ны өдөр /2024.02.05/ ээлжит бус чуулганыг хуралдуулахаар бэлдэж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж, Цагаан сарын дараа хуралдуулахаар болжээ.
Ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж магадгүй аж. Хэрвээ энэ сарын 05-ны өдөр ээлжит бус чуулганыг хуралдуулсан бол тав хоногийн хугацаатай хуралдуулахаар байсан. Харин Цагаан сарын дараа хуралдуулбал таваас илүү хоногт хуралдаж, дээрх хоёр асуудлаас өөр бусад асуудлыг ч хэлэлцэж магадгүй талаар албаны эх сурвалж хэлэв.