Б.Жавхлан: Батлан хамгаалах, Онцгой байдлын салбарт хамгийн их төсөв тавигдсан. Бурууг бусдаас хайх хэрэггүй /ВИДЕО/

Б.Жавхлан: Батлан хамгаалах, Онцгой байдлын салбарт хамгийн их төсөв тавигдсан. Бурууг бусдаас хайх хэрэггүй /ВИДЕО/

Баянзүрх дүүрэгт болсон аймшигт дэлбэрэлтийн улмаас алба хаагчид амь насаа алдаж, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод буй.

Улмаар нийгэмд олон талын асуудал болон шийдэл яригдах иргэд эрх баригчдаас стандарт шаардаж эхлээд байна. Тэр дундаа Онцгой байдлын алба хаагчдын ашиглаж буй тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийг муу байгааг олон нийт шүүмжилж, ОБЕГ-аас төсөвт тааруулж худалдан авалт хийдэг гэх тайлбарыг өгөөд буй. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор ОБЕГ-ын төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.

Тэрбээр, “Энэ жил төсвийн ерөнхийлөн захирагч сайд нараас нийт 26 их наяд төгрөгийн санал ирснээс 22 их наяд төсөвт багтсан. Хөрөнгө оруулалт гэхэд л нэг сайдаас 10.3 их наяд байх санал ирснээс төсөвт 3.3 их наяд багтсан. Энэ хоёр хийлээд 25 их наядын төсөв батлагдсан. Ер нь төсөв үргэлж танагддаг. Сайд нараас ирүүлсэн санал бүрийг төсөвт багтаах боломжгүй. Шадар сайдын багцад багтдаг Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны төсөв 212 тэрбум төгрөг байсан. Харин 2024 онд 426 тэрбум төгрөг болгосон. Хоёр дахин нэмсэн. Үүнээс хөрөнгө оруулалтыг хасаж урсгал зардлыг нь тооцвол 2023 оных нь 156 тэрбум, ирэх оных 216 тэрбум буюу бусад сайд нараас хамгийн өндөр хувиар урсгал зардал нь нэмэгдсэн. 40 хувиар нэмэгдсэн байгаа юм. 2024 онд Батлан хамгаалах яам болон ОБЕГ хоёр бусад яам тамгын газруудаас хамгийн өндөр хувиар нэмэгдсэн байгаа. Ялангуяа цэрэг хүчний байгууллагын алба хаагчдын нормтой холбоотой урсгал зардлыг өнгөрсөн онуудад ковидтой холбоотойгоор нэмж чадаагүй байсан бол 2023, 2024 онуудад нэмсэн. Дээрээс нь тоног төхөөрөмжүүдийн хувьд шинээр нэмэгдсэн орж ирсэн 17.2 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийх бүрэн боломжтой. Барилга байгууламжийн хувьд өнгөрсөн онд 7.5 тэрбум, ирэх онд 21.5 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ зөвхөн улсын төсвөөс оруулах хөрөнгө оруулалт. Гадаадын тусламж нь 2023 онд 30.1 тэрбум төгрөг байсан бол ирэх онд 100 тэрбум төгрөг болж байгаа” гэлээ.

ВИДЕО: