ВИДЕО: "Хотын төвөөр шатахуун, химийн бодис тээвэрлэхийг хориглож байсан. Харамсалтай нь одоо сураг алдарсан" гэж Э.Бат-Үүл мэдэгджээ

ВИДЕО: "Хотын төвөөр шатахуун, химийн бодис тээвэрлэхийг хориглож байсан. Харамсалтай нь одоо сураг алдарсан" гэж Э.Бат-Үүл мэдэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01:00 цагийн орчимд шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан.

Үүний улмаас онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаж, олон арван иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод байгаа юм. Иймд зарим иргэд "хотын стандарт яагаад орчин үетэйгээ нийцэхгүй байгаа, аюултай ачааг яагаад хотын төвөөр тээвэрлүүлэх болов" зэргээр асууж байгаа юм. 

Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл өчигдөр /2024.01.24/ мэдээлэл хийж, "хотын төв, хүн ам төвлөрсөн газарт шатахуун, хиймийн аюултай бодис тээвэрлэхийг хориглож хотоос гадуур явуулах шийвэр гаргаж байсан. Харамсалтай нь одоо сураг алдарсан байна" гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр, "2014 оны 8 сард хотын төв, хүн ам төвлөрсөн газарт шатахуун, химийн аюултай бодис тээвэрлэхийг хориглож хотоос гадуур явуулах шийдвэр гаргаж байсан. Харамсалтай нь одоо сураг алдарсан байна. Бид урд хожид байгаагүй иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын орчны зураглал гаргах төслийг хэрэгжүүлж тус бүрээр нь бүгдийг нь үнэлгээжүүлж, хаана иргэдийн эрүүл аюулгүй байдал хөндөгдөх хамгийн их эрсдэлтэй байгаа тэр газраас эрэмбэлж тухай бүрд анхаарч ажиллаж байсан. Үүнийгээ иргэдэд таниулах ажлыг ч сайтар явуулж байлаа. Ингэснээр иргэд өөрсдийнхөө амьдрах орчноо сонгох, амьдарч буй газраа хаана ямар аюул учирч болзошгүй байгаагаас үүдэн урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байсан юм. Өнөөгийн нийслэлийн удирдлага эдгээр ажлуудыг одоо байгаадаа уялдуулан эрчимжүүлж ажиллахыг зөвлөе" гэжээ.