Засгийн газрын өнөөдрийн /2024.01.25/ ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт, амиа алдсан алба хаагчдын ар гэрт нөхөн олговор, тэтгэвэр тэтгэмж олгох, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан галын улмаас хохирсон айл өрхүүдийн байр түрээслэх зардлын асуудал зэргийг хэлэлцэхээр болжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "албаныхан өчигдөр /2024.01.24/ өдөржин, шөнөжин ажиллаж тооцоог гаргасан бөгөөд батлах эсэх нь өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тодорхой болох аж. Харин амиа алдсан онцгой байдлын алба хаагчдад хэр хэмжээний нөхөн олговор олгох, гэр нь шатсанаас болж амьдрах газаргүй болсон айл өрхүүдийн байрны түрээсийн зардалд хэдэн төгрөг олгох нь одоогоор тодорхой байна.
Ямартай ч "Цэргийн албаны тухай" хуулийн дагуу алба хаагчдын ар гэрийнхэнд нь нөхөн олговрыг олгоно гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Сануулахад, энэ сарын 24-ны шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт байгалийн шингэрүүлсэн хий буюу газ ачиж явсан автомашин суудлын тэрэгтэй мөргөлдсөнөөс болж их хэмжээний гал гаран онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан. Улмаар 10 хүн Түлэнхийн төвд хүргэгдэн эмчлүүлж байгаагаас гурвынх нь биеийн байдал маш хүнд буюу 80-90 хувийн түлэгдэлтэй байна. Мөн 60 Айлын орон сууц, 28 машин шатаж, гал гарсан газрын ойролцоох обьектуудад эвдрэл үүсээд. 60 айлын орон сууцанд амьдарч байсан айл өрхүүдийг ойролцоо буудалд байрлуулж байгаа бөгөөд байрыг засагдах хүртэл өөр газарт түрээсээр амьдруулах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан. Түрээсийн төлбөрийг өнөөдрийн хурлаар батална.