УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг өнөөдөр /2024.01.23/ танилцууллаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нь 15 удаа хуралдаж, 23 хуулийн төсөл, 22 УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн, УИХ-ын чуулганаар батлуулсан байна. Нэр дэвшигчийн талаарх гурван ч удаагийн сонсгол зохион байгуулсан.
УИХ-аар батлуулсан томоохон хуулийн төслүүдээс нэрлэвэл, Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулжээ. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлуулсны зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг шинэ хуулиудад нийцүүлж батлуулсан. УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, ээлжит сонгуулийн тов зарлах, сонгууль зохион байгуулахтай холбоотой зардал, техник хэрэгслийг нь шинэчлэх зэрэг асуудлыг улс төрийн намууд болон Сонгуулийн ерөнхий хороотой зөвшилцөн, шийдвэрлүүлэхэд нэлээд цаг хүч зарсан гэдгийг тус байнгын хорооны дарга онцоллоо.
2024 оны УИХ-ын хаврын чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл, Төрийн ордны тухай хуулийн төсөл, Нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тухай баримт бичгүүдийг хэлэлцэхээр жагсаалтад оруулсан. Иймээс дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороо хангах юм байна. Мөн Төрийн албаны тухай хуульд зарим өөрчлөлт орсон, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах асуудал хүлээгдэж байгаа аж.
Энэ үеэр Н.Энхболд "Сонгуулийн зардал бууруулах, цэгцтэй мэдээллийг сонгогчдод өгөх зорилгоор нэг л плакат байрлуулна. Жагсаалтаар нэр дэвшигч 3 хэвлэлийн хуудас хүртэлх хэвлэмэл материалыг намын сонгууль эрхэлсэн байгууллага нь жагсаалтаар нэр дэвшсэн 48 хүнээ нийлүүлээд гаргаж болно. Тойрогт нэр дэвшигч нь 2 хэвлэлийн хуудас сэтгүүл болон сонинг тус, тусдаа гаргах боломжтой.
УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор Төрийн ордонд байрладаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын аппарат өөр байр луу шилжээд эхэлсэн.
УИХ саяхан Төрийн байгууллагуудыг бүсчлэн байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолд зааснаар эхлээд судалгаа хийнэ. Бүсчилсэн хөгжийн үзэл баримтлалтайгаа холбогдоод гүйцэтгэх байгууллагын аль нь хаашаа шилжиж болох нь вэ гэдгийг эхлээд тодорхойлно. Төрийн байгууллага Төв аймаг руу шилжлээ гэж бодоход нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх шаардлага гарч ирнэ. Тийм учраас эрх ашгийг нь дордуулахгүй байхаар эрх зүйн зохицуулалтыг нь эхлээд батлуулчих, тэрний хүрээнд төсвийг нь батлах зэргээр зохицуулалтыг нь тусгаад явъя гэсэн" гэлээ.