МАН-ын "Ардын хүч" холбооноос МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар нарт шаардлага хүргүүлж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байна.
ВИДЕО:
Шаардлагад "Шил даран илчлэгдэж буй хулгай, авлига, хээл хахууль, албан тушаалын хэргүүд нь нийгэмд дуулиан тарин ард түмнийг төлөөлөн төрийн эрх барьж буй манай намын гишүүд, удирдлагууд олноороо нэр холбогдож байна. Иймд Монгол Улсын хууль тогтоомж, МАН-ын Үндсэн дүрэм, МАН-ын гишүүний Ёс зүйн дүрэм, Хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журам, намаас нэр дэвшин сонгогдсон, томилогдсон этгээдүүдтэй хийсэн хариуцлагын гэрээ болон бусад холбогдох эрхзүйн хэм хэмжээний актад заасны дагуу 60 тэрбум, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банк, Ногоон автобус, нүүрсний бусад бүх авлига албан тушаалын хэрэгт шууд болон дам нэр холбогдсон гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхыг та бүхнээс шаардаж байна.
Түүнчлэн намаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүд, томилогдсон Засгийн газрын гишүүд нь хамтын удирдлагын зарчмыг хөсөрдүүлэн өөрсдийн явцуу хувийн эрх ашиг, сонирхлын үүднээс төрийн өндөр албан тушаалд дулдуйдан УИХ, Засгийн газрын индэрийг зүй бусаар ашиглаж, нийгэмд хандсан зохисгүй яриа, тайлбар, уриалгыг түгээж байна. Энэ байдал нь МАН дотооддоо эв нэгдэлгүй, нэгдсэн дүрэмгүй, даргыг нь хүчгүй харагдуулж байна. Тиймээс эдгээр хүмүүст ч хариуцлага тооцох ёстой" гэжээ.
Иргэдийн гарын үсгийг цуглуулах үйл ажиллагаа өнөөдөр /2024.01.23/ 14.00 цаг хүртэл үргэлжлэх аж.