Х.Баделхан Баян-Өлгийн МАН-ын сонгуулийг дахин зарлаж, 12 сард сонгогдсон даргыг нь огцруулан оронд нь найзынхаа хүүхдийг дарга болгох гэж байна

Х.Баделхан Баян-Өлгийн МАН-ын сонгуулийг дахин зарлаж, 12 сард сонгогдсон даргыг нь огцруулан оронд нь найзынхаа хүүхдийг дарга болгох гэж байна

Сонгуулийн тойргийг бүсчилж томруулахдаа Баян-Өлгий аймгийг тусад нь нэг тойрог болгосон. МАН-ын даргыг ийм шийдвэр гаргахад УИХ-ын зарим гишүүд нөлөөлсөн ч үүнээс илүү үндэсний цөөнхөө дэмжсэн бодлого байв. Гэтэл энэ аймгийн МАН-ынхан үеийн үед улс дотор улс байгуулсан аягтай аашилж, бүдүүлэг загнасаар байна. Тухайлбал, Энэ сарын 25-ны өдөр /2023.12.25/ Баян-Өлгий аймгийн МАН-ын хороо хуралдаж, даргаараа Барилгын хөгжлийн төвийн дэд дарга асан М.Ыбырайг сонгосон. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баделхан уг сонгуулийг дүрмийн бус гэж үзээд дахин МАН-ын хорооны даргыг сонгох сонгуулийг эхлүүлжээ.

-192 ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦООГ ШУУД ҮГҮЙСГЭВ-

М.Ыбырай сонгосон хуралд 192 төлөөлөгч оролцсоноос 118 буюу 87 хувийн саналаар М.Ыбырайг дэмжсэн гэх мэдээлэл бий. Мөн дэд даргаараа Японд боловсрол эзэмшсэн Сeрикжанг сонгосон. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баделхан энэ хурлыг дүрмийн бус гэж үзэж олон гишүүдийнхээ сонголтыг үгүйсгэсэн байна. Түүний ийм үйлдэл гаргаж буй шалтгаан нь ердөө өөрийн хүнээ аймгийн намын хорооны даргаар томилох гэж буйтай холбоотой гэж Баян-Өлгийчүүд ярьж байна. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь хүн дарга болоогүй учир тэрбээр ийнхүү будлиан үүсгэжээ. Тодруулбал, тэрбээр одоо аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй Х.Арманыг аймгийн МАН-ын хорооны дарга болгохоор ажиллаж буй аж.

-Х.АРМАНЫГ АТГ-ААС ШАЛГАЖ, ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАХАД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ГЭХ ДҮГНЭЛТИЙГ ГАРГАЖ БАЙЖЭЭ-

Тэгвэл Х.Арман гэж хэн бэ. Х.Арман нь Х.Баделханы найзын хүү. Мөн өнгөрсөн жил Боловсрол, шинжлэх ухааны яаманд бичиг явуулахдаа “Монгол Улсын Бүгд Найрамдах Боловсролын яам”-нд хэмээн бичиж байсан нэгэн. Хамгийн ноцтой нь 2023 онд мөн Х.Баделханыхан түүнийг аймгийн Засаг даргаар ажиллуулахаар болж хувийн мэдээллийг нь АТГ-т явуулахад ашиг сонирхлын зөрчилтэй гэх хариу ирж байжээ.

Тодруулбал, төрийн албанд ажилласан жил нь хүрээгүй мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан өөртөө давуу байдал бий болгож бусдад хахууль өгсөн байж болзошгүй хэргийг АТГ-ынхан шалгасан байх магадлалтай учраас түдгэлзсэн гэх мэдээлэл бий.

Түүнээс гадна Бугат сумын халаалтын тендерийн ажлыг дүүгийнхээ компанид өгөхдөө төсвийг нь ахиулсан, нийтийн албанд томилогдох эрхгүй хүнийг удирдах албан тушаалд томилсон зэрэг хэрэгт холбогдсон байх магадлалтай талаар Баян-Өлгийчүүд ярьж байна. Баян-Өлгийгөөс будлиан салдаггүй. Энэ будлиан нь явж, явж УИХ-ын гишүүн Х.Баделхантай холбогддог. Гэтэл энэ хүн ирэх жил ч жагсаалтад орж энэ аймгийн улс төрд оролцсоор байна гэдгээ ярьж буй билээ.