УИХ-ын чуулганы энэ сарын өдрийн /2024.01.11/ хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон дурдаад УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүдийн байр суурь зөрүүтэй, маргаантай байгаа тул сайтар хэлэлцэж зөв ойлголт өгөөд ажлын гурван хоногийн дотор дахин УИХ-ын чуулганаар оруулж ирэхийг даалгасан юм. Уг хугацаа нь маргааш /2024.01.17/ дуусч байна. Уг хугацаа дууссантай холбогдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцвэл УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэж УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хэллээ. Тэрбээр "Маргааш хэлэлцэх эсэхээс хамаарч Үндсэн хуулийн цэцэд өгөхөө шийднэ" гэв.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд Газрыг 100 жилээр эзэмшүүлнэ гэх заалтаао УИХ-ын гишүүд маргаад буй билээ. Угтаа бол одоо мөрдөгдөж буй “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1-д “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ уншина уу. Товчхондоо, яг одоо мөрдөгдөж буй хуулиар бол “гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх” хуулийн зохицуулалт мөрдөгдөж байгаа гэсэн үг юм. Харин Засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийн 16.1.1-д “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж оруулж, Х.Баттулга нарын яриад байгаа “эзэмшүүлнэ” гэсэн үгийг хассан байна.