Эрээн хотод суугаа консулын газраас өчигдөр /2024.01.15/ анхааруулга, зөвлөмж мэдээллийг гаргасан байна. Тодруулбал, хилээр зорчих иргэн бүрд хамааралтай ачаа тээшний хэмжээг шинэчлэн тогтоожээ.
Тодруулбал, “БНХАУ-ын Гаалийн хууль”-ийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана. Биедээ авч явах ачааг Гаалийн хяналтаар оруулна” гэж заасныг үндэслэн Эрээн хотын Гаалийн газар 2024 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулсан байна.
Энэ талаар зарим эх сурвалжууд, "Эрээний хилээр гарахад нэг хүнийг 30 кг-аас дээш ачаатай нэвтрүүлэхгүй болсон. Учир нь Хятадын Гаалийн тухайд хуульд хилээр нэвтрэх хүний ачаа тээшний хэмжээг заасан" гэж мэдээлжээ.