Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2024.01.15/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ хүрээнд Цагаан сараас өмнө "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашгийг ногдол ашиг хэлбэрээр буюу 450-500 мянган төгрөгийг иргэдэд тараах юм. Энэ талаар УИХ-ын Б.Баттөмөр " УИХ-ын тогтоолоор ногдол ашиг тарааж болохгүй. Одоо ногдол ашиг тараана гэвэл 2.5 сая иргэнд л тараана. Өөрөөр хэлбэл, шинэ төрсөн 1.2 сая хүүхдэд өгч чадахгүй болоод байна. Учир нь тэд хувьцаа эзэмшигч биш. Тэгэхээр шинэ төрсөн 1.2 сая хүүхдэд ногдол ашиг өгснөөр Монголын нийт иргэд бүгдээрээ ашиг хүртэх боломж нээгдэнэ. Цагаан сараас өмнө ногдол ашиг өгөх эсэх нь бид нараас шалтгаална. Тодруулбал, Баялгийн сангийн хуулиуд дээрээ ажиллаад эхэлбэл Цагаан сараас өмнө ногдол ашиг тараана" гэлээ.
Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " 2012 оноос хойш төрсөн хүүхдүүддээ ногдол ашиг өгье гэж байгаа юм. Засгийн газар дээр Баялгийн сангийн хууль гарч байна. Тэгэхээр бид нар Баялгийн сангийн хууль дээрээ ажиллах шаардлага байна. Хэрвээ энэ хуулиа баталчихвал Цагаан сараас өмнө ногдол ашиг тараах боломжтой. 450-500 мянган төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр тараах боломжтой гэж яригдаж байгаа. УИХ-ын тогтоол өнөө, маргаашдаа батлагдчихвал Засгийн газар дахиж авч үзээд дараа нь компанийн төлөөлөх удирдах зөвлөл хуралдаж энэ асуудлыг шийдэх байх " гэлээ.