Монгол бүсгүй Э.Мөнхбилэгийн байгуулсан “Авдар” компани Хятадын дизайны уралдаанаас гурван шагнал хүртжээ

Монгол бүсгүй Э.Мөнхбилэгийн байгуулсан “Авдар” компани Хятадын дизайны уралдаанаас гурван шагнал хүртжээ

Германы “Red Dot Award” байгууллага, Хятадын “Xiamen” медиа групп хамтран 2015 оноос хойш зохион байгуулж буй “Contemporary Good Design Award” уралдаанаас монгол бүсгүй Э.Мөнхбилэгийн байгуулсан “Авдар” компани гурван шагнал хүртлээ.

Тус уралдаан компьютер технологи, гар утас, аудио, тоглоом, гал тогоо, зочны, унтлагын, хүүхдийн өрөө, ширээ, сандал, сав, баглаа, боодол гэх зэрэг 50 төрөлд шилдэг дизайнтай бүтээгдэхүүнийг шалгаруулан дөрвөн төрлийн шагнал гардуулдаг байна. Хятадын зах зээлд амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй “Авдар” компани уг тэмцээнд дөрвөн бүтээгдэхүүнээ илгээсний гурав нь шагнал авчээ.

Тодруулбал, хүүхдийн тоглоом ангилалд цамхаг, хүүхдийн өрөөний ангилалд модон ороороо тус бүр “Шилдэг дизайн”, хүүхдийн өрөөний хувцасны өлгүүрээр “Gold winner” шагнал хүртжээ. Энэ уралдааныг олон улсын нэр хүндтэй 12 шүүгч шүүсэн бол шүүлтийн зарчим нь Германы “Red Dot Design Award” наадмын шалгаруулалтын журмаар болсон байна. Улмаар “Contemporary Good Design Gold Winner” шагналыг 23 бүтээлд, “Contemporary Good Design: Best Smart Product” шагналыг нэг бүтээлд олгож, нийтдээ 50 ангилалд өрсөлдсөн оролцогчдын дундаас дөрвөн төрлийн шагналын нийт 231 ялагч тодруулжээ. "Авдар" компани таван жилийн өмнө Хятад улсад байгуулагдан уг зах зээлд хүүхдийн модон тоглоом, тавилга үйлдвэрлэн борлуулж байгаа юм.