У.Билэгт-Од: Залуус жүжигчин мэргэжлийг маш их сонгож байгаа нь цөөхөн хүн амтай манай улсад тийм ч сайн зүйл биш /ВИДЕО/

У.Билэгт-Од: Залуус жүжигчин мэргэжлийг маш их сонгож байгаа нь цөөхөн хүн амтай манай улсад тийм ч сайн зүйл биш /ВИДЕО/

Бид энэ удаа залуу жүжигчдийн төлөөлөл У.Билэгт-Одтой ярилцлаа. Түүнийг “Хуримын даашинзтай бүсгүй”, “Солонгос драма Монголд”, “Завсарлаагүй хичээл” зэрэг кинонуудаар нь үзэгч олон хэдийнээ танина биз ээ. 

ВИДЕО:

Тэрбээр СУИС-ийг 2016 онд хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд багаасаа дуулах, бүжиглэх сонирхолтой, чамгүй авъяастай нэгэн байж. Мөн түүний хувьд кино урлагийн салбарт төдийгүй энтертаймэнт салбар буюу дуу бүжгийн салбарт хүч үзэж эхэлсэн бөгөөд үеийн жүжигчин залуу болох Э.Төрбаттай хамтран “Хамаагүй”, “Гунигтай өдрүүд” зэрэг дуугаа гаргажээ. Ийнхүү бид ажил мэргэжил болон уран бүтээлийнх нь талаар түүнтэй ярилцлаа.

- Анх яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов? Мөн хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгссөн шүү дээ. Энэ төрлийн кино ч юм уу, жүжигт тоглож байсан уу?

Анх жүжигчин болох талаар огт боддоггүй байсан. Хөлбөмбөгчин л болъё гэж боддог байсан ч тухайн үед энэ спорт Монголд төдийлөн хөгжөөгүй байсан. Хөлбөмбөгчин больё гэхээр л юу яриад байгаа юм. Хичээлээ хий л гэж ээж аав, багш нар загнадаг байлаа. Тиймээс сонирхлоо дагаад дуучин больё гэж ч бодож байсан. Мөн 10 жилдээ бүжгийн хамтлагт байсан юм. Энэ хоёрын нэгээр нь л явна даа гэж бодож байгаад нээрэн жүжигчин мэргэжилтэй болчихвол алиныг нь ч хаяхгүй байх боломжтой юм байна гэж бодоод л жүжигчин мэргэжил эзэмшсэн дээ. Манай улсад одоохондоо мюзикл нэг их хөгжөөгүй, төдийлөн үзэгчгүй байдаг тул кино урлаг руу орсон. Мөн сүүлийн үед давхар дуу бүжгийн салбар луу орж байна даа.

- ГАДААД ТӨРХӨӨС ШАЛТГААЛДАГ Ч ЮМ УУ, ИХЭВЧЛЭН СӨРӨГ ДҮРД ТОГЛОХ САНАЛ ИРДЭГ -

- Мэргэжил бүхэн амаргүй байдаг шүү дээ. Жүжигчин мэргэжил сонгосноор өөрт тань тулгарсан хамгийн хэцүү зүйл юу байв?

Хэцүү юм нь жүжигчин хүн дотоод зүрх сэтгэлээ ашиглаж, тархи сэтгэлээрээ дүрдээ орж ажилладаг гэж болно.

Иймд жүжигчин хүмүүс зүрх муутай болдог байх. Энэ л надад хэцүү санагддаг. Бусдаар бол өөрөө дуртай учраас бүх зүйл нь сайхан санагддаг даа.

- Жүжигчдийн нэг сонирхолтой санагддаг зүйл нь дандаа өөрөөсөө өөр хүний дүрээр амьдрах шаардлагтай болдог. Дүр бүтээхдээ хэрхэн өөрийгөө бэлтгэдэг вэ? Мөн ихэвчлэн эсрэг талын дүрд тоглож байгаа харагддаг. Энэ талын дүрийг ч өөрөө илүү сайн бүтээж чаддаг гэж ойлгож болох уу?

Ихэвчлэн надад эсрэг дүрийн санал ирдэг. Тиймээс эсрэг талын дүр, хар тамхичин ямар байх вэ гэдэг талаар маш сайн холливүүд кино ч юм уу, Солонгос киноноос хардаг. Түүнийг харах болгондоо өөр дээрээ тусгаж, бодож, боловсруулж эсрэг талын дүрдээ өөрийгөө, сэтгэл санаагаа бэлддэг. Өнгөрсөн жил гурван кинонд тоглосон. Бүгд л сөрөг дүр байлаа. Гадаад үзэмж хараад найруулагч нар ийм санал тавиад байгаа юм уу гэхээр би уг нь зөөлөн л хүн шиг санагддаг. Өмнө нь “Хуримын даашинзтай бүсгүй”-д тоглоод эсрэг дүрээр олонд танигдчихсан болохоор тийм дүр гаргуулах гээд байдаг байж магадгүй юм.

- Жүжигчин бүрт “нэг тийм дүр л бүтээгээд үзчих юм сан” гэсэн бодол байдаг. Өөрийн чинь хувьд ямар дүр бүтээж үзэхийг хүсдэг бол?

Жаахан хөгшрөөд түүхэн кинонд тоглоё гэж боддог. Мөн мэргэжлээрээ мюзикл кинонд ч тоглохыг хүсдэг. Гэхдээ хамгийн их хүсдэг нь уран зөгнөлт кинонд тоглож үзэхийг хүсдэг дээ.

- Хамгийн сүүлд тоглосон киногоо дурдвал?

Саяхан М12 студитэйгээ хамтран хийсэн “Тоглогч” гээд кинонд тоглосон. Мөн оны дараа цацагдах “Хамгийн сайхан нь 2” кинонд эсрэг талын гол дүрийг бүтээсэн. “Тоглогч” киноны хувьд аливаа зүйл дэс дараалалтай, хэмжээ хязгаарт баригдах ёстой. Эс бөгөөс ямар нэгэн аюулд хүргэнэ гэсэн утга санаатай кино. Ер нь залууст нэлээд сургамж өгөхөөр кино болсон. Түүнчлэн дан үеийн залуус энэхүү кинонд ажилласан учраас нэгнээ маш сайн ойлгож, эрчимтэй, хурдацтай ажилласан.

- Залуу жүжигчин Э.Төрбаттай хамтран дуу хийсэн байсан. Энэ талаараа ярихгүй юу? Гэнэт дуу хийхээр шийдэв үү? Олон жил бодож төлөвлөж байгаад хийсэн зүйл үү?

Энэ кинонд цуг тоглосон Э.Төрбат бид хоёр хамтраад дуу хийсэн. Энэ дууны клипийг бас М12 студийнхантайгаа хамтран хийсэн байгаа. Энэ ташрамд М12 студийнхандаа “баярлалаа” гэж хэлмээр байна. Төрөө бид хоёр оюутан байхаасаа л адилхан чиглэлийн дуу сонирхдог, өндрөөрөө ижил, нас ч чацуу байсан. Тэгээд л хамтдаа дуу хийе гэж ярьж байгаад өнгөрсөн зун хийсэн дээ. Цаашдаа ч бид хоёрт бодож, төлөвлөсөн зүйлс олон бий.

- Сүүлийн үед залуус жүжигчин гэх мэргэжилд дурлан, эзэмших, ажиллах нь нэмэгдлээ. Ингэж олноороо энэ мэргэжлийг сонгож байгааг залуу хүний хувьд хэрхэн хардаг вэ?

Намайг оюутан байхад л над шиг залуу ховор гэж тоглож хэлдэг байсан ч одоо манай доод үед маш гоё гоё олон залуус гарч ирсэн байна лээ. Гэхдээ хэт их байвал дэмий. Монголчууд тэр чигээрээ л дуучин жүжигчин боллоо шүү дээ. Одоо бүр мэргэжлийн сургууль төгсөөгүй хэрнээ л хэдэн богино хэмжээний контент хийгээд өөрийгөө жүжигчин гэж ярьдаг болчихсон. Гуравхан сая хүн амтай улс учраас хэт их жүжигчид байвал хэцүү байх. Мэргэжлийн болон мэргэжлийн бус жүжигчдийн ялгаа нь нүдэндээ байдаг гэж манай найруулагчид хэлдэг. Мэргэжилийн бус жүжигчдийн нүд нь гүйгээд, тэнэгдүү ч юм шиг харагддаг гэж ярьдаг юм билээ. Би нэг их мундаг хүн биш ч гэсэн дүү нартаа зөвлөж хэлэхэд тууштай багаарай. Хүний үгийг сонсдог байгаарай. Одооны залуучууд үг дааж чадахаа больчихсон юм байна лээ. Сонсоод байх нь ээ найруугчдаа нэг загнуулаад л киноныхоо тал хувиас нь больчихдог тохиолдол гардаг гэсэн. Тиймээс аливаа зүйлд хариуцлагатай, тууштай байгаарай гэж хэлье дээ. Хэзээ нэгэн цагт тууштай байсны шагнал нь заавал ирэх л болно.

Ярилцсанд баярлалаа.