БНСУ-д зорчих иргэдэд өгөх мэдээлэл, зөвлөмж шинэчлэгдлээ

БНСУ-д зорчих иргэдэд өгөх мэдээлэл, зөвлөмж шинэчлэгдлээ

БНСУ-д зорчих иргэдэд өгөх мэдээлэл, зөвлөмж шинэчлэгдлээ. 

БНСУ-Д ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУЖ БУЙ 
ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нэг. БНСУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хил, гаалийн албаны байцаагч нар тус улсад нэвтрэх зөвшөөрлийг олгодог. Хилээр нэвтрэх хуудсанд уригч талын мэдээлэл болон байрлах хаягаа үнэн зөв бөглөн, буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна аяллын зорилгоо сандарч, мэгдэлгүй үнэн зөв тайлбарлах. Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичиж байх, 
БНСУ-ын хувьд олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг. БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авчирж ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх, 
БНСУ-ын хилээр нэвтрэхдээ гаалийн мэдүүлэг хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй иргэдийг 10 сая хүртэл воноор торгох, хилээр нэвтрэх болон дахин зорчих эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах тул амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч ирэхгүй байх,

Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,

Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал:

- Согтууруулах төрлийн ундаа 1 литр (21 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа авч орж илэхийг зөвшөөрдөггүй), 

- Янжуур тамхи 200 ширхэг, 

- Сигар, навчин тамхи 100 ширхэг,

- Хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай.  (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авч, торгодог);

- 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг. 

Хоёр. БНСУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс: 

БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг нь дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,

БНСУ-д хууль ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд шинээр Гадаад паспорт захиалж авсан, оршин сууж буй хаягаа өөрчилсөн гэх мэт хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухай бүр БНСУ-ын Цагаачлалын албанд 14 хоногийн дотор мэдэгдэж, бүртгүүлж байх,

Гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхийн хүчинтэй хугацаагаа шалгаж байх, хугацаа нь дууссан бол цаг тухайд нь шинээр авах,

Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, ЭСЯ-нд мэдэгдэн шинээр захиалах,

Нутаг буцаж буй иргэд банк, гар утас, авто тээвэр, даатгал зэрэг үйлчилгээний байгууллагатай байгуулсан гэрээгээ дуусгавар болгож, төлбөр тооцоогоо эцэслэх,

Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,
Цагдаагийн байгууллагад баривчлагдсан, саатуулагдсан тохиолдолд суугаа орны “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн дагуу тухайн байгууллагаас ЭСЯ-нд мэдэгдэх үүрэггүй байдаг тул иргэн өөрөө ЭСЯ-ндаа мэдэгдэж, консулын ажилтантай уулзах хүсэлтээ илэрхийлэх,

Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх, 
Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх, зэрэг болно. 

Гурав.Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд аялах иргэдэд анхаарах зүйл: 

БНСУ-ын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотыг зорин ирж буй манай орны иргэд сүүлийн үед тус хотын хилийн шалган нэвтрүүлэх цагаачлалын алба дээр олноороо саатуулагдаж, хил нэвтэрч чадалгүй нутаг буцах байдал цөөнгүй гарч байна.

Тус бүс нутагт нь аялал жуулчлалын зорилгоор ирэх гадны улсын иргэдийг 30 хүртэлх хоног визгүй зорчихыг зөвшөөрдөг бөгөөд манай иргэд Улаанбаатар-Чэжү чиглэлээс гадна Улаанбаатар-Бээжин-Чэжү чиглэлийн нислэгээр түгээмэл ирж байна.

Манай иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцаасан тохиолдлуудын гол шалтгаан нь тухайн иргэд өмнө БНСУ-ын хууль тогтоомж зөрчсөн, виз олголтоос татгалзсан хариу авсан, визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суусан, мөн эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг зөрчилд холбогдсон, эсвэл буцах онгоцны тасалбаргүй, мөн зочид буудал захиалсан эсэх, биедээ бэлэн мөнгөтэй эсэх зэргийг харгалзан цагаачлалын албаны зүгээс ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэхийг шийдвэрлэдэг. Нотлох бичиг баримтгүй иргэдийг  тохиолдолд түр саатуулан дараагийн рейсийн нислэгээр буцааж байна.

Чэжү хотыг зорин ирэхээр төлөвлөж буй иргэд аяллын зорилгоо тодорхойлох баримт /зочид буудал захиалгын хуудас, буцах нислэгийн тасалбар/ зэргийг сайтар бэлтгэн ирэх, аялах зорилготой иргэд Сөүл, Пусан хотоор дамжиж ирж байхыг зөвлөж байна.

Дөрөв. Европын 30 орон, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад Улсын визтэй иргэд БНСУ-д визгүй аялахад анхаарах зүйл: 

Европын 30 улс, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад Улсын хүчинтэй визтэй иргэд БНСУ-аар дамжиж тухайн улсад, эсвэл эх орондоо болон гуравдагч улсад зорчих гэж байгаа иргэд 30 хоног хүртэл визгүй буюу транзит жуулчлалын ангиллын “В-2” визийг хил дээрээс авч БНСУ-д орох боломж байдаг. Гэвч БНСУ-ын хилээр нэвтрэн орох өдрөөс тооцож өнгөрсөн 3 жилийн дотор БНСУ-ын хил дээрээс буцаагдсан, виз олголтод татгалзсан хариу авсан, БНСУ-д хууль бусаар оршин суусан, 5 сая воноос дээш торгууль төлсөн, албадан буцаагдсан иргэдийг БНСУ-д оруулдаггүй. Хилийн шалгалтын албанаас тусгайлан ярилцлага хийж шийдвэр гаргадаг байна. 

Дараах нөхцлийг анхаарна уу: 

- 30 хоногийн дотор нисэх онгоцны тийзтэй байх, зочид буудлын захиалга, аялалын тодорхой хөтөлбөртэй байх, 

- Европын 30 улс, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад Улсад хууль бусаар оршин сууж байгаагүй байх,

- Европын 30 улс, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад Улсад 3-аас дээш хоног байсан байх, 

- АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд Улсаас нутагтаа буцаж явах тохиолдолд эдгээр орны цахим визтэй иргэдийг 30 хоног хүртэл визгүй буюу транзит жуулчлалын ангиллын “В-2” визийг хил дээрээс авч БНСУ-д визгүй орохыг зөвшөөрнө,

- Австрали Улсын цахим визтэй иргэд паспорт дээрээ визийн хуулга /visa label/ наалгасан тохиолдолд БНСУ-д визгүй орохыг зөвшөөрнө,

- Япон Улсын визтэй иргэдийн 2016 оны 5 дугаар сарын 1-ээс визгүй БНСУ-д ордог байсныг зогсоосон байна. 

Шаардлагатай утас: 

Солонгосын Хууль зүйн туслалцааны байгууллага (http://www.klac.or.kr, Утас: 132) иргэний болон эрүүгийн хэрэг зэрэг хуулийн аливаа асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой. 

Солонгосын гэр бүлийн хууль зүйн зөвлөгөө өгөх газар (http://www.lawhome.or.kr, Утас: 1644-7077) 

Солонгосын өмгөөлөгчдийн холбоо (http://www.koreanbar.or.kr, Утас: 02-3476-4000) 

Солонгос дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах хууль зүйн үндэсний хороо (http://www.committee.or.kr, Утас: 1588-9372)

Хууль зүйн хэлтэс үндэсний хууль тогтоомжийн мэдээллийн төв http://www.law.go.kr 

Хайхад амар амьдралд хэрэгтэй хууль тогтоомжийн мэдээ http://oneclick.law.go.kr

Замын хэрэг эрхлэх газрын жолооны шалгалт авах хэлтэс (http://dl.koroad.or.kr, Утас:1577-1120)

Жич: Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүлэг барааны жагсаалтыг  тус холбоос дээр дарж үзнэ үү.  http://www.customs.gov.mn/2014-03-25-01-15-56   

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАЯГ, ХОЛБОО БАРИХ УТАС

140-885 서울특별시 용산구 독서당로 95주한몽골대사관  
Embassy of Mongolia,  95,  Dokseodang-ro, Yongsan-gu, Seoul,
140-885, Republic of Korea

Утас: 02-798-3464  / ЭСЯ-ны жижүүр /
02-798-1950  / Консулын хэлтэс /
02-792-5986  / Визийн тасаг /

Факс: 02-794-7605  / Дипломат ажилтнууд /, 02-798-3465  / Консулын хэлтэс /

Цахим шуудан: [email protected]

Цахин хуудас: [email protected]

Facebook: facebook.com/embassyofmongolia