Итали улсын иргэн М.Грегорио: Улсын цолтой бөхийн бяр чадлыг Даншиг наадмаар мэдэрсэн. Би сумын заан цолтой болохыг мөрөөддөг

Итали улсын иргэн М.Грегорио: Улсын цолтой бөхийн бяр чадлыг Даншиг наадмаар мэдэрсэн. Би сумын заан цолтой болохыг мөрөөддөг

Энэ жилийн Даншиг наадмын нэгийн даваанд Итали улсын залуу бөх М.Грегорио уран дэвээ шаваагаараа олны анхаарлыг ихэд татаад амжсан. Түүний хувьд Итали улсын Венец хотод төрж, өссөн хэдий ч Монголын Үндэсний бөхөд үнэн голоосоо дурлаж 2018 оноос хойш бэлтгэл сургуулилтаа базааж, барилдаж байгаа нэгэн. Тэгвэл бид энэ удаа М.Грегориотой анх үндэсний бөхөөр хэрхэн барилдаж эхэлсэн болон энэ жилийн наадмаар бөхийн галд гарч, наадмын бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаасан талаар ярилцлаа.

ВИДЕО:

-АНХ СУМЫН НААДАМ ҮЗЭЭД ТЭР ШӨНӨДӨӨ ӨӨРИЙГӨӨ МОНГОЛ БӨХИЙН ТАМИРЧИН БОЛСОН БАЙНА ГЭЖ ЗҮҮДЭЛЖ БАЙСАН-

Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн, сайн байна уу? намайг Магнифичи Грегорио гэдэг. Би Италийн Венец хотод төрж, өссөн.

Өмнө нь та Монгол Улсын талаар мэддэг байсан уу? Анх яагаад ирэхээр болж байсан бэ?

Би 2018 онд Италийн Венец хотод байхдаа хөөмийчдийн тоглолт санаандгүй байдлаар үзсэн. Хэдий санаандгүй тус тоглолтыг үзсэн ч гэсэн надад маш их таалагдсан учраас хөөмийн өлгийн нутаг Монгол Улсад очиж үзэхээр шийдэж байсан. Анх би 2018 оны тавдугаар сард ирж байсан. Намайг байх хугацаанд Хэнтий аймгийн нэг сумын наадам болоод би анх удаа монгол наадамтай танилцсан. Тэр үед хурдан морь үзэх болон бөх барилдахыг харах үнэхээр их таалагдсан.

Таныг монголчууд үндэсний бөхөөр барилддаг гэдгийг тань мэддэг болоод буй. Тэгвэл анх яагаад үндэсний бөхөөр хичээллэхээр болж байсан бэ?

Би өмнө каратэ, рагби, бокс гээд олон спортоор хичээллэж байсан. Гэхдээ эдгээр спортуудаас илүү монгол бөх миний сонирхлыг хамгийн их татаж байсан. Би Хэнтий аймагт явж байхдаа сумын наадам үзсэн тэр шөнөдөө өөрийгөө зодог шуудаг өмсөөд бөх болчихсон байна гэж зүүдэлсэн. Тэр өдрөөс хойш би монгол бөхөөр хичээллэж эхэлсэн.

-ДАНШИГ НААДМААР УЛСЫН ХАРЦАГА Э.УУГАНБАЯРТАЙ БАРИЛДАХАД ҮНЭХЭЭР ИХ БЯРТАЙ САНАГДАЖ, ЯАХ УЧРАА ОЛОХГҮЙ ӨВДӨГ ШОРООДСОН-

Та 2019 онд Итали руу буцаж байсан гэдэг. Италид байх хугацаандаа монгол бөхийг бэлтгэлээ хийж байсан уу?

2018 онд ирчихээд би 1 жил 6 сар болоод Итали руугаа ажлаар буцахаас өөр аргагүйд хүрсэн. Италид очоод монгол бөхөөр барилдаж чадахгүй байсан маань надад их хэцүү. Би монголыг ихэд санаж, байнга монголд очмоор санагддаг байсан. Ингээд 2021 онд буцаад Улаанбаатар ирээд хамгийн түрүүнд МУГД Т.Өсөх-Ирээдүй багшийн бэлтгэл дээр очсон. Тухайн бэлтгэл Алдар спорт хороон дээр болж байсан. Т.Өсөх-Ирээдүй багш намайг хараад, “Энэ яах гэж яваа, юун хүн юм” гэж асуусан. Би хариуд нь монголоор “Би монгол бөхөөр хичээллэмээр байна” гэж хэлээд анхны бэлтгэлдээ орж байсан даа.

Алдар спортын хороон дээр олон том цолтой бөхчүүд бэлтгэлээ базаадаг. Эдгээр бөхчүүдтэй хамт бэлтгэл хийхэд танд ямар санагдаж байсан бэ?

Алдар спорт хороон дээр бэлтгэл хийх маш сайхан байсан. Тэнд Улсын даян аварга тэргүүтэй маш олон том цолтой бөхчүүдтэй хамт нэг дэвжээнд бэлтгэл хийнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан.

Энэ жилийн хувьд та хөдөө бөхчүүдтэй галд гарч, наадмын бэлтгэлээ базаасан. Наадмаар хаана очиж барилдсан бэ?

Энэ жил би анх удаа наадмын бэлтгэл хийж, бөхийн галд гарч үзлээ. Дахиад нэг өөр, сайхан мэдрэмж байлаа. Энэ жил би Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын наадамд очиж барилдсан. Тэнд маш олон аймгийн бол сумын цолтой бөхчүүд байсан. Улсын цолтой ч цөөн тооны бөхчүүд байсан. Харамсалтай нь би тухайн наадамд нэгийн даваанд сумын заантай таараад маш удаан барилдсан ч өвдөг шороодсон.

Даншиг наадмаар таны дэвж байгаа бичлэг олны анхаарлыг ихэд татаж байсан. Энэ наадмын талаар та дурсаач.

Энэ жилийн Даншиг наадмаар анх удаа Улсын цолтой бөхтэй барилдаж үзсэн. Би өмнө нь улсын цолтой бөхтэй барилдаж үзэх юмсан гэж боддог байсан. Улсын цолтой бөх миний бодсоноос илүү баяртай юм байна лээ. Барилдах гээд өрж эхлэх үед миний толгой дотор “Би одоо ямар мэх хийх вэ? Ямар бяртай юм бэ?” гэж хамгийн түрүүнд бодогдож байсан шүү.

-МИНИЙ ЗҮРХЭНД МОНГОЛ УЛС, МОНГОЛ БӨХ ҮРГЭЛЖ БАЙДАГ БОЛСОН-

Анхны зодог шуудгаа та хаанаас авч байсан бэ?

Би анх 2018 онд Нарантуул захаас хямдхан зодог шуудаг авч бэлтгэл хийж байсан. Харин 2021 онд Алдар спорт хороонд Т.Өсөх-Ирээдүй багш дээр бэлтгэл хийх үедээ шинэ, чанартай зодог шуудаг авч байсан.

Та ид барилдаж байгаа улсын цолтнуудаас хэнийг дэмждэг бэ?

Би Улсын даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Пүрэвсайхан, Улсын харцага Зоригтбаатарыг дэмждэг. Тэд бол өөр өөрийн гэсэн хэв маягтай, гоё барилддаг бөхчүүд.

Монгол бөхчүүд бараг бүгд л нэг дархан мэхтэй байдаг. Та бэлтгэл хийж байх хугацаандаа дархан мэхтэй болж чадсан уу?

Надад одоогоор дархан мэх гэж байхгүй. Би дараа жил оюутны визтэй Монгол Улсад ирж хэлний түвшингээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Магадгүй дараа жил илүү тогтвортой Улаанбаатар хотод байх юм бол сайн бэлтгэлээ хийгээд дархан мэхтэй болно доо. Харин миний хамгийн хийх дуртай мэх бол хавираа.

Та ямар цолтой бөх болохыг хүсдэг бэ?  

Миний зорилго хамгийн эхлээд сумын заан цолтой болмоор байна. Сумын цолтой болоод бэлтгэлээ сайн хийгээд дараа нь аймгийн цолтой болно. Харин улсын цол бол надад үнэхээр хол санагдаж байгаа. Би чинь анх 26 настай байхдаа л бөхөөр барилдаж үзсэн хүн шүү дээ. Тийм учраас улсын авахад хэцүү гэж бодож байна.

Та үнэхээр монгол бөхөд хайртай гэдэг чинь таны ярианаас мэдрэгдэж байна. Тэгвэл монгол бөхөөс өөрөөр таныг Монгол Улсад ирэхэд нөлөөлдөг зүйл тань юу вэ?

Би олон орноор аялаж үзсэн ч монголд хамгийн их дуртай. Монголын говь, тал хээр нутаг бүгдээрээ л үнэхээр үзэсгэлэнтэй санагддаг. Миний зүрхэнд үргэлж Монгол гэх улс байдаг болсон.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө