БНСУ-д жолооны үнэмлэхгүй Монгол Улсын иргэн /эрэгтэй/ автомашин жолоодож яваад автобусны зогсоол дээр зогсож байсан нэг хүнийг мөргөж гэмтээсэн хэрэг өчигдөр буюу 12 дугаар сарын 4-ний өдөр гарчээ.
Хэргийг тодруулбал, Сөүл хотын Сондон дүүрэгт өчигдөр өглөө 08:57 цагийн орчимд 30 гаруй насны Монгол залуу жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр ачааны автомашин жолоодож яваад автобусны буудлыг мөргөж, улмаар хагарсан шилэнд БНСУ-ын нэг иргэн оногдож гэмтсэн бөгөөд яаралтай эмнэлэгт хүргэгджээ.
Улмаар Монгол залуу хэргийн газраас ойролцоох худалдааны төв рүү зугтсан ч таван минут орчмын дараа цагдаа нарт баригдсан байна.
Ослын улмаас автобусны буудлын таазны шил бүрэн хагарч, зогсоол дээр сууж байсан нэг хүн хэлтэрхийнд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн аж. Осол гарах үедээ А нь согтуу байгаагүй аж. Ийнхүү Сөүл хотын цагдаагийн газраас Монгол улсын иргэн А-г Замын хөдөлгөөний тухай хуулийн дагуу жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчилжээ.