Оффшор бүсэд мөнгө угаасан гэх дипломатчийг илрүүлжээ

Оффшор бүсэд мөнгө угаасан гэх дипломатчийг илрүүлжээ

Монгол Улсаа олон улсад төлөөлөн суугаа дипломатч оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ илрүүлжээ. Тус дипломатч нь визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. 

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням өнгөрсөн есдүгээр сард хэвлэлд өгсөн яриандаа “Нийт оффшор бүсэд байсан 74.9 сая ам.доллар Монгол Улсад орж ирсэн, эдийн засгийн эргэлтэд орсон байдаг. Үүний 68 сая ам.доллар нь бэлэн мөнгө, 6.3 сая ам.доллар нь хөдлөх хөрөнгө байсан. Үүнээс гадна олон нийтийн дунд оффшор бүсэд байгаа бүх хөрөнгө хууль бус гэсэн өрөөсгөл ойлголт байгаа юм. Оффшор бүс гэдэг нь өөрөө татварын таатай орчинтой.

Энд шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгөө хадгалуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Гэвч энэ бүс нутгийн таатай орчинг ашиглаад, гэмт хэргийн замаар хууль бусаар олсон хөрөнгөө хадгалуулж байгааг илрүүлэх, буцаан авах нь энэхүү санаачилгын гол зорилго юм. Мөн дээр дурдсан төрийн санд оффшор бүсээс орж ирсэн 74.9 сая ам.долларын 4.3 сая нь мөрдөн байцаалтын шатанд орж ирсэн байсан” хэмээн онцолж байв.