ТОЙМ: Тендергүй 152 сая төгрөгөөр бүтсэн “Булш”-ны гэх нэр зүүсэн, чулууг өнгөрөгч шөнө буулгав

ТОЙМ: Тендергүй 152 сая төгрөгөөр бүтсэн “Булш”-ны гэх нэр зүүсэн, чулууг өнгөрөгч шөнө буулгав

Энэ долоо хоногийн нэг чухал сэдэв Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы нөөц хөрөнгөөс 152 сая төгрөг гаргаж, Сүхбаатарын талбайг тойруулсан дөрвөлжин чулуу байв. Учир нь Даваа гарагийн өглөө Нийслэлийн төв талбайг дөрвөлжин чулуугаар тойруулж хашсан дүр зураг иргэдийг угтсан юм. Зарим шооч иргэд тус чулууг “булшны чулуу” хэмээгээд, ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийг нэрсийг бичээд сошиалд тараасан тохиолдолд ч гарсан юм. 

-152 САЯ 231 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХОТЫН ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨС ГАРГАЖ, ЧУЛУУНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДСЭН-

Тус чулуун хашлагын нийт төсөв 152 сая төгрөг бөгөөд 2019 оны есдүгээр сарын 06 ны өдрийн А1514 дугаартай захирамжийн хоёрдугаар хавсралтаар "Сүхбаатарын нэрэмжит талбайд автомашин, техник орох боломжгүйгээр хамгаалах тохижилтын ажилд 152 сая 231 мянган төгрөг төсөвлөж, Нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлж" шийдвэрлэжээ. Чулууг байршуулсан зорилго нь Төв талбайд олон нийтийн арга хэмжээ их болдог. Иймд иргэд их цугладаг учраас аюулгүй байдлыг хангаж энэ чулууг тавьсан” гэж албаныхан тайлбарлаж байв. 

Хотын даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх тухай

-ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН МЭДЭЖ БАЙЖЭЭ-

Иргэдийн шүүмжлэлтэй дөрвөлжин чулуу тулгарах үед хотын дарга С.Амарсайхан тусгай хамгаалалттай газрын дарга н.Алтаншагайтай уулзах үеэрээ “Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах шаардлага байна. Ажлаа уялдуулах ёстой. Харагдах байдлаас нь ахиад засах хэрэгтэй. Хот байгуулалтын газартай хамтраад ажиллаарай” гэж тус ажлыг өмнө нь огт мэдээгүй мэт мэдэгдэж байв. Гэтэл тэрээр энэ оны есдүгээр сарын 06 өдөр “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргаж, мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ч баталж байсан байгаа юм. 

Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах захирамж

Ажлын хэсэг байгуулах тухай

-“БОРЖИН СУВАРГА” ХХК ДӨРВӨЛЖИН ЧУЛУУГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ НИЙЛҮҮЛСЭН ҮҮ-

Тус чулууны нэг бүрийн үнийг 3 сая төгрөг гэх иргэд ч цөөнгүй байв. Харин үүнийг албаныхан худал мэдээлэл гэж мэдэгдэж байсан юм. Гэтэл тус чулуунуудыг “Боржин суварга” ХХК нийлүүлжээ. Хамгийн ноцтой нь 152.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр дээрх худалдан авалтыг ямар нэгэн тендергүйгээр шууд худалдан авах нөхцөлтэйгээр хийсэн байж болзошгүй байгаа юм.

Учир нь АТГ-аас өнгөрсөн сард нэвтрүүлсэн www.opendatalab.mn хайлтын системээс “Боржин суварга” ХХК-ийн талаарх мэдээллийг шүүж үзэхэд “тендерт оролцон шалгарсан” гэх мэдээлэл гарч ирсэнгүй.

Opendatalab.mn сайтын мэдээлэл

-СҮХБААТАРЫН ТАЛБАЙГ ТОЙРУУЛСАН “ДӨРВӨЛЖИН ЧУЛУУ”-Г ӨНГӨРӨГЧ ШӨНӨ ХУРААЖ АВАВ-

Ямартай ч энэ долоо хоногийн нэг чухал сэдэв болоод байсан Сүхбаатарын талбайг тойруулсан “Дөрвөлжин чулуу”-г өнгөрөгч шөнө буулган, хураан авсан юм. Цаашид тус чулууны хэлбэр, хэмжээг өөрчлөөд буцааж төв талбайг хаших уу, эсвэл талбайг хуучин хэвээр нь үлдээх үү гэдэг өнөөдөр тодорхойгүй байна.