“Apple” компани өчигдөр буюу мягмар гарагт /2023.09.12/ Калифорни мужийн Купертино хотод iPhone 15 загварын утаснуудаа танилцуулсан. Тус компаний энэ жил шинээр танилцуулж буй энгийн iPhone 15 нь 799 доллар, iPhone 15 Plus 899 доллар, iPhone 15 Pro 999 доллар, iPhone 15 Pro Max 1,199 доллароор худалдаанд гарчээ. “Apple” эдгээр дөрвөн загварын утсандаа баасан гарагаас /2023.09.15/ захиалга авах юм.
Энгийн iPhone 15 нь 15.49 сантиметрийн дэлгэцтэй бол iPhone 15 Plus нь 17.02 сантиметрийн дэлгэцтэй бөгөөд iPhone 15-ын камерын хүчин чадал өмнөх загвараасаа сайжирч 12 мегапикселээс 48 мегапиксел болж нэмэгджээ.
iPhone 15 болон plus загваруудыг ягаан, ногоон, шар, цэнхэр, хар гэсэн үндсэн өнгөтэйгөөр худалдаанд гаргах аж. Энэ хоёр загвар нь “Apple”-ийн A16 чипээр тоноглогдсон бөгөөд өдрийн турш цэнэгээ барьдаг батарейны багтаамжтай байна. Мөн дуудлагын үеэр арын чимээг арилгах дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ. Харин iPhone 15 pro болон promax загварууд цэнхэр, хар, цагаан, чулууны саарал өнгөтэй худалдаанд гарна. Эдгээр загвар нь титан хүрээтэй, салбартаа анхдагч 3 нанометрийн хэмжээ бүхий A17 чиптэй байх аж.
Энэ өндөр хүчин чадалтай чипийн үр дүнд хэрэглэгчид өмнө нь зөвхөн компьютер гэх мэт бусад хэрэгсэл дээр тоглох боломжтой байсан видео тоглоомуудыг тоглож болох аж. iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max хоёрын камерын хүчин чадал 48 мегапиксел, 4K нягтаршилтай 60 FPS хурдтай бичлэг хийх чадвартай. Сүүлд нь дурдахад энэ дөрвөн загвар “Type-C” цэнэглэгчийн оролттой болсон нь хамгийн чухал өөрчлөлт байв.