УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэт" үйлдвэрийн 20 хувийг иргэдэд эзэмшүүлж, 20 хувийг компаниудад худалдах хуулийн төслийг боловсруулжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэт" үйлдвэрийн 20 хувийг иргэдэд эзэмшүүлж, 20 хувийг компаниудад худалдах хуулийн төслийг боловсруулжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэт” ТӨҮГ-ыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн нийт хувьцааны 20 хувийг иргэдэд эзэмшүүлж, 20 хувийг үндэсний аж ахуй нэгжүүдэд худалдах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.  

-ИНФЛЯЦИ ӨРХИЙН ОРЛОГООС 14 ХУВЬ "ХУМСАЛСАН"-

Тэрбээр хуулийн танилцуулгадаа, “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр бөгөөд жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулж 580.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 5.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. “Эрдэнэт үйлдвэр” ойролцоогоор экспортын орлогын 10 хувийг эзэлдэг, жилд дунджаар төсвийн орлого бүрдүүлэхэд нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлдэг.  Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар дараах дөрвөн өөрчлөлт гарна гэж үзэж байна.

Үүнд:

  • НЭГ: Аливаа улсын иргэд ажилтай, орлоготой, боловсролтой, эрүүл саруул, амьдрал ахуй хүрэлцээтэй хангалуун байх тохиолдолд төр нь тогтвортой, улс нийгэм нь хөгжих үндэс суурь тавигджээ гэж тодорхойлдог.

Үндсэн хуулийн 6.2-д байдаг нэгэн заалт өнөөдрийг хүртэл биеллээ олохгүй маш олон асуулт дагуулж ирлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэх заалт хэрэгжих суурь тавигдаж, цаашид бусад стратегийн чухал ордууд дээр энэхүү загвар хэрэгжих боломжийг нээж өгөх юм.

  • ХОЁР: Цар тахлын хүнд жилүүдэд олон их наядын хөтөлбөрүүд хэрэгжсэн хэдий ч үр дүн тааруу байсныг хаалгаа барьсан олон зуун аж ахуй нэгж, ажилгүй, орлогогүй ядуусын эгнээ өргөжсөн зэргээс харж болно. Үндэсний статистикийн гаргасан тооцооллоор Монгол улсын нийт ажиллагчдын тоо 2019 оны 4-р улиралд  1,188,439 байсан бол 2023 оны 1 дүгээр улирлын дүнгээр 1,111,257 болж 77 мянга 182 хүнээр цөөрчээ. 2019 онд манай улсын ЖДҮ-ийн нийт экспорт ДНБ-ний 2.9%, импорт 23.6% эзэлж байсан бол 2021 онд экспорт 2.4%, импорт нь 13.7% болж огцом буурчээ.  ЖДҮ эрхлэгчдийн ДНБ-д эзлэх хувь 2020 онд 5.6%, 2021 онд 5.5% төдий эргэлдэж байна. Гэтэл энэ үзүүлэлтүүд хөгжингүй орнууд, Хятад, АНУ-д ДНБ-нийх нь 60 хүртэл хувийг эзэлдэг. Ийм болохоор ид ажиллах насны залуучууд гадаад руу бөөнөөрөө тэмүүлж, Монгол улсын 3 иргэн тутмын 2 нь ажилгүй, орлогогүй үзүүэлэлтэд дөхөж очжээ. Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчдын тоо 2019 оны 12 сард 982,351 байсан бол 2023 оны 4 сарын мэдээгээр 852,494 болж буурчээ. Өнөөдөр хувийн хэвшилд бага хүүтэй зээл, санхүүгийн дэмжлэг юу юунаас чухал байгаа.  Монголбанкны бодлогын хүү 13 хувьд хүрснээр аж ахуй нэгжүүдийн  зээл үндсэндээ зогсож бизнес царцсан үед энэхүү УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар аж ахуй нэгжүүдэд бодит дэмжлэг болж шинээр олон зуун мянган аж ахуй нэгж байгуулагдан ажиллагчдын тоо эрс өсөх тооцоо хийлээ.
  • ГУРАВ: Төрийн үндсэн үүрэг төсөв, мөнгөний бодлого ямар хэмжээнд байгааг үнийн өсөлт, төгрөгийн ханшийн сулралаар хэмждэг.  Инфляц гуравдах жилдээ хоёр оронтой тоонд үргэлжилж өрхийн бодит орлого буурсаар байна. Монгол улс дундаж давхаргагүй Африк, Латин Америкийн буурай орнуудын эгнээ рүү эрчимтэй алхаж эхэллээ. Инфляц өрхийн орлогоос 14 их наяд төгрөг “хумсалсан” гэж Монголбанкны удирдлага УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны хурал дээр мэдэгдсэн.

Аливаа Засгийн газар энгийн, ойлгомжтой байж  бизнесийн болон аж ахуйн үйл ажиллагаанд хутгалдахгүй байсан тохиолдолд эдийн засгийн макро үзүүлэлтүүд тодорхой хугацааны дараа тогтворждог. Энэхүү тогтоолын төсөл Засгийн газрын үйл ажиллагааг тодорхой болгож үнийн хөөрөгдөл, үндэсний валютын ханш сулрах асуудлыг шийдвэрлэх боломж нээж байгаа юм.

  • ДӨРӨВ: Дэлхийн улс орнууд төсөв санхүү, мөнгөний бодлогоо чамбайруулж гадаад хямралыг даван туулах бүхий л арга замаа эрэлхийлж парламентийн түвшиндээ эдийн засгийн “зөөлөн буулт”-ын бодлогын талаар ид мэтгэлцэж байна.  Харин манай эрх баригчдын хувьд Төсвийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын тусгай тусгай сан, Хөгжлийн банк, төмөр замын тээвэр, нүүрсний борлуулалттай холбоотой их наядаар хэмжигдэх асуудалд хутгалдсан.  Энэхүү тогтоолын төсөл батлагдвал төрийн өмчид аж ахуй нэгжид төр буюу ялсан намыхан биш Монголын ард түмэн, үндэсний нийт аж ахуй нэгжүүдийн төлөөлөл Төлөөлөн Удирдах Зөвлөлд орж хяналт тавих бүрэн боломж нээгдэж байна” гэжээ.

Түүнийг боловсруулсан хуулийн төсөл нь 

  • 1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 20 хувийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэнд тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх;
  • 2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьцааны 20 хувийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй, ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даатгасугай гэсэн заалттай бөгөөд d.parliament.mn хаягийн боловсруулж буй хуулийн төсөлд оруулжээ.