Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар шалгагдаж байсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг яллагдагчаар татсан ч тэрбээр яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл түүнтэй хамт дээрх зүйл ангиар шалгагдаж байсан УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарыг ч мөн яллагдагчаар татаад байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин тэд яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцсан эсэх мэдээлэл одоогоор алга байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм.
Эргэн сануулахад иргэн О.Отгонтөгс нь хуулийн байгууллагад гомдол гаргахдаа, "УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон ТББХ-ны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн.
Улмаар уг асуудлыг Үндсэн хуулийн Цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдөр Их суудлын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргасан" гэдгийг дурдсан байдаг. Мөн уг асуудал нь "Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд заасан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах" 12-15 жилийн ялтай Тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэрэг" гэдгийг тодотгосон байсан юм. Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн О.Отгонтөгсийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг харьяаллын дагуу Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлсэн байдаг.