Уяач С.Энхтөр "Дүүгүүр хээр" морийг будилаантай уралдаанаас болж үхсэн гэж мэдэгдлээ

Уяач С.Энхтөр "Дүүгүүр хээр" морийг будилаантай уралдаанаас болж үхсэн гэж мэдэгдлээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам, Монголын шигшмэл хурдуудын "Их хурд-9” зэрэг томоохон наадмын түрүү магнайд хурдалсан Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Улсын алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн "Дүүгүүр хээр" морь өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний өдөр тэнгэрт дэвшжээ.

Энэ тухай уяач С.Энхтөр,

“Ард түмний хайртай хүлэг

Монгол төрийн түмэн эх дүүгүүр хээр морь минь тэнгэрийн хүлэг боллоо

Энгүй хурдан буян чи минь

Энэхэн насанд минь надад л заяасан

Хүүхэд насны минь хүслийг биелүүлж төр түмний их баяр наадам түүхэн ойд түрүүлж, Монголын морины их олимп их хурдад түрүүлж, их түүхийг бүтээж Монголын ард түмний хайртай хүлэг болсон, их түүхийг үргэлжлүүлэхээр төр түмнийхээ их баяр наадамд зорин ирсэн ч хариуцлагагүй нөхдийн буруугаас төрийн их баяр наадамдаа мордолгүй буцсан. Хааны өндөр довонд төрийн зарлигт наадамд мордож үнэнхүү хурдан гэдгээ харууллаа,

Адуу адууны сор нь байсан чи

Агуу түүхийг бүтээж чадсан чи

Ирсэн шигээ буцдаг хорвоод явах өдрөө хүртэл олж шинийн 15-ныг сонгожээ чи

Эх нутаг ижил сүрэгтээ эргэн төрөөрэй

Энэ насанд минь дахин заяагаарай

Хүслээр биш заяагаар ирсэн хүлэг минь, буян минь

Морь хэлмэгддэггүй монгол наадам мэнд сайхан болдог болоосой,

Монголын ард түмэн эрх тэгш нааддаг дүрэмтэй болох болтугай” гэжээ.

Түүний “Дүүгүүр хээр” морины хувьд энэ жил төрийн их баяр наадмын их насны морины уралдаанд сэрвээний хэмжилтээр хасагдсаны улмаас уралдаж чадаагүй бөгөөд Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадамд айргийн гуравт хурдалсан юм.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө