Завхан аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн үндэсний их баяр наадам өчигдөр /2023.07.27/эхэлсэн. Түүхт 100 жилийн ойн баяр наадамд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон Наро Банчэн гэгээнтэн хэмээн олноо алдаршсан Б.Цэдэн-Иш, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцож байгаа юм.
Тэгвэл нээлтийн үеэр ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди наадмын талбайд тусгай автомашинаар зочилж, түмэн олонд мэнд хүргэжээ. Тэдний уг үйлдлийг үзэгчдийн зарим нь буруушааж, шүүмжлэл дагуулаад байна.
Мөн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат “Нутгийн зон олондоо баярын мэнд хүргэе. Наадмын нээлт их сайхан боллоо. Нийслэлийнхний наадам шиг л наадам болж байна. Завханчууддаа аж амьдралдаа ариун тунгалаг сайхан байж, баян чинээлэг сайхан амьдраарай, эрдэм ном их сураарай, их юм хийж бүтээгээрэй гэж захъя” хэмээсэн байна.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Торгон ногоон зүлгэн дээр нь хөл нүцгэн гүйж, тунгалаг цэнгэлэг уснаас нь ууж ундаалж ирсэн төрөлх Завхан аймгийнхаа 100 жилийн ойн халуун мэндийг нутгийн зон олондоо өргөн дэвшүүлье. Аймаг маань хөгжин цэцэглэж байна, улам хөгжиж, хүн ард нь баян чинээлэг амьдарч, нутаг орноо хайрлан хамгаалж, хотол олноороо сайн сайхан амьдрах болтугай” хэмээжээ.