Үерийн улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг төлүүлэх ажлын хэсэг байгуулжээ

Үерийн улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг төлүүлэх ажлын хэсэг байгуулжээ

Үерийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах ажлын хэсэг байгуулагджээ.

Тодруулбал ерөнхий сайдаас “Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай” хүсэлтийг Прокурорын байгууллагад ирүүлсэн.

Улмаар УЕПГ-аас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна. 

Ажлын хэсэг нь усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар олгосон, барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, шийдвэр, үер, усны аюултай нөхцөл байдал үүссэн шалтгаан нөхцөл, хохирлыг тодорхойлсон баримт бичгийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөх байгууллагад шилжүүлж шалгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.