Канадууд "Улаанбаатарын зогсоолын асуудлыг шийдэж өгье" гэсэн ч нэр бүхий албан тушаалтнууд тэднээс авлига нэхээд зогсоожээ

Канадууд "Улаанбаатарын зогсоолын асуудлыг шийдэж өгье" гэсэн ч нэр бүхий албан тушаалтнууд тэднээс авлига нэхээд зогсоожээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад автомашины их багтаамжийн зогсоол томоохон нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжлийн байгууллагаас тодорхойлоод байгаа. Тиймээс ч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн зүүн талд болон ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ард талд их багтаамжийн зогсоол барихаар сонгон шалгаруулалт зарлаад байна. 

Тэгвэл одоогоос долоон жилийн өмнө буюу 2016 онд  Канад улсын “Империал паркинг” корпораци "Улаанбаатар хотын авто зогсоолуудыг сайжруулж, авто замын ачааллыг бууруулах, шийдэл олоход хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх" хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Үүнийг нь Нийслэлийн Засаг дарга С.Батболд талархан хүлээн авч "Олон улсад туршлагатай танай компанитай хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлж байжээ.

Товчхондоо, Улаанбаатар хотын автомашины зогсоолын асуудлыг шийдэхээр Канадуудтай хамтран ажиллахаар болсон аж. 

Гэвч С.Батболдын удирдлага дор ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтнууд “Империал паркинг” корпорациас мөнгө нэхэж, эл ажлыг зогсоосон байна Энэ талаар Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар "Нийслэлийн зогсоолыг шийдэх саналыг 2016 онд Канадууд С.Батболд даргад тавьсан, доор нь ажилладаг хүмүүс мөнгө нэхээд энэ ажлыг зогсоосон" гэдгийг тодотгосон. Тэгвэл тухайн үед Хотын даргын ахлах зөвлөхөөр Д.Мөнх-Эрдэнэ ажиллаж байсан бол 

  1. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор П.Баярхүү,
  2. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Ж.Батбаясгалан,
  3. Нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар Ш.Анхмаа,
  4. ​Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар Д.Энхтөр нар ажиллаж байжээ.

Магадгүй 2016 онд Канадуудаар нийслэлийн зогсоолын асуудлыг шийдүүлсэн бол өдгөө Улаанбаатарын түгжрэл энэ хэмжээнд хүрэхгүй байсныг үгүйсгэхгүй юм. Сонирхуулахад, Канад улсын “Империал паркинг” корпораци нь Хойд Америкийн авто зогсоолын менежментийн томоохон компани байсан бөгөөд тухайн үед Америк болон Канадын 100 хотод 3400 авто зогсоол ажиллуулдаг байсан аж.