УИХ-ын гишүүдийн тоог нэмж 2024 оны сонгуульд МАН дахин ялах боломжоо “Үндсэн хуулиар тоглон” бүрдүүлж байна

УИХ-ын гишүүдийн тоог нэмж 2024 оны сонгуульд МАН дахин ялах боломжоо “Үндсэн хуулиар тоглон” бүрдүүлж байна

Төөрүүлж, тойруулж, тодорхойгүй байдалд оруулсны яг эцэст нь МАН-ынхан Үндсэн хуульд ганцхан агуулгаар өөрчлөлт оруулахаар болсноо өчигдөр /2023.05.03/ зарлав. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барих үеэрээ “Үндсэн хуулийн 21.1 дэх заалтыг л өөрчилнө. Өөр бусад агуулгыг дараагийн парламент засаж, өөрчлөх боломжтой” гэсэн утга бүхий мэдээллийг өгсөн.

- ҮНДСЭН ХУУЛИАР ТОГЛОЖ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭЭД 2024 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД МАН ДАХИН ЯЛНА ГЭЖ ТООЦЖЭЭ-

Түүний хэлсэн энэ үг нь “зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 2024 оны сонгуульд МАН ялалт байгуулахын тулд Үндсэн хуулийг өөрчилж байна” гэдэг санааг илэрхийлж байгаа юм. Товчхондоо, УИХ-ын 76 гишүүнтэй парламентад МАН-ыг дахин олонх болгож, засгийн эрхийг авах боломжийг иргэд олгохгүй гэдэг нь одоо ойлгомжтой болоод буй. Харин гишүүдийн тоог нэмж, сонгуулийг холимог системээр явуулбал МАН дахин засаглах боломж байгаа гэдгийг тэд олж харсан тул Үндсэн хуулийг өөрчилж, гишүүдийн тоог нэмэх хувилбарыг ард түмний нэрийг барьж яриад байгаа юм. Анх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дараах өөрчлөлтийг хийнэ гэж байв.

Үүнд:

  1. УИХ-ын гишүүдийн тоог нэмж 152 гишүүнтэй болох
  2. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг зургаан жилээр нэг удаа томилох. Цэцийн дэргэд “Үндсэн хуулийн цэцийн шүүх”-тэй болох.
  3. Улс төрийн нам байгуулахтай холбоотой 19.1.2 дах заалтыг бүхэлд нь хасах
  4. Улсын дээд шүүхийн шийдвэр хүний эрх зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн цэцийн шүүхэд хандах
  5. Хотын эрх зүйн байдлыг шинэ түвшинд гаргана гэсэн таван агуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж иргэд болон яамдаас нээлттэйгээр саналыг нь авсан.

Гэтэл эцэст нь УИХ-ын гишүүдийн тоог нэмж 152 болгон нэмэх өөрчлөлтийг л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж, хэлэлцэхээр боллоо. Д.Амарбаясгалан сайд бас нэг зүйлийг хэлсэн нь “Гишүүдийн тоог нэмэхийг зөвшилцөх санал асуулгаар дэмжсэн” гэсэн юм. 

Гэтэл үнэндээ “Зөвлөлдөх санал асуулгаар гишүүдийн тоог нэмэхийг иргэд дэмжээгүй, Д.Амарбаясгалан сайд худлаа хэлсэн.

Угтаа бол гишүүдийн тоог нэмж 152 болгохыг иргэд бүү хэл МАН-ын бүлгийн гишүүд ч дэмжихгүй байгаа бөгөөд яг агуулгаар байр, сууриа нэгтгэж чадаагүй байгаа.

-УИХ-ЫН 120 ГИШҮҮНТЭЙ БАЙХААР ТОХИРЧ, 60 ХУВИЙГ ТОЙРГООС, 40 ХУВИЙГ НЬ ЖАГСААЛТААС СОНГОХ ХУВИЛБАРТ САНАЛ НЭГДЖЭЭ-

Өнөөдрөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ. Энэ хугацаанд өөр хуулийг огт хэлэлцэхгүй бөгөөд 45 хоногт багтаан “гялалзуулж” дуусгах юм. Энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж иргэдтэй уулзаж “УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа эсэх”-ийг нь асууна.

Иргэд дэмжихгүй гэдэг нь өнгөрсөн жил мөн гишүүд тойрогтоо ажиллах үеэрээ асуухад тодорхой болсон.

Тэгэхээр хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгээс УИХ-ын гишүүдийн тоог арай их байна хэмээн санал гаргаж “152 биш 120 байх нь зөв” гэх хувилбарыг гаргаж гишүүдээр дэмжүүлэх тохироог МАН, АН-ынхан тохирсон байна. Цаашлаад 50:50 буюу 76 гишүүнийг мажоритар /тойрог/, 76 гишүүнийг пропорциональ /жагсаалт/системээр сонгох хувилбараа ч өөрчилж УИХ-ын 120 гишүүний 60 хувийг мажоритар /тойрог/системээр, 40 хувийг пропорциональ /жагсаалт/ системээр сонгох тохироонд хүрэхээр ярилцсан байна.