Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох “It Takes A World” кампанит ажлын хүрээнд “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллага болон “Гэрэл плас медиа холдинг" группын санаачлагаар "Найз байя” аяныг үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхлыг таслан зогсоох уриалгатайгаар улс орон даяар эхлүүлээд байна.
Уг аяны нээлт өнөөдөр болсон бөгөөд нээлтэд оролцсон шат шатны байгууллагын төлөөлөгчид үг хэллээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар: Есөн дүүрэг, найман аймагт хийсэн судалгаагаар 10 хүүхэд тутмын найм нь ямар нэгэн байдлаар үе тэнгийн ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт, хүчирхийлэлд өртсөн байдаг гэсэн судалгаа гарсан. Энэ бол тухайн хүүхдийн хүсэл эрмэлзэл, итгэл сэтгэлийг мохоож буй хэрэг. Маргаашдаа итгэлтэй байж, улс эх орноо хөгжүүлэхийн төлөө халуун сэтгэл гарган бие биенээ хайрлаж, дэмжих нь чухал. Хүүхэд багачууд бие биентэйгээ найз байж чадвал улс эх орныхоо ч мөн итгэлт найз нь байж чадна.
Сүхбаатар дүүргийн 16-р сургуулийн 11Б ангийн сурагч н.Цогзолмаа: Үе тэнгийнхний дээрхэлтийг нийгэм маань асуудал гэж харахгүй байна. Магадгүй асуудлыг асуудал гэж харсан цагаас л өөрчлөлт эхэлнэ байх. Энэхүү үйл ажиллагааг эхлүүлж байгаад маш их талархаж буйгаа үе тэнгийнхнийхээ өмнөөс илэрхийлье. Мөн бидний зүгээс дуртайяа хамтран ажиллах болно гэдгээ хэлэхэд таатай байна.
Нийслэлийн 2-р сургуулийн сэтгэл зүйч Ж.Мөнхмаа: "Найз байя" аяны хүрээнд урьдчилсан шатны судалгаа хийсэн. Тус судалгаанд 3045 сурагч, 517 багш, 2600 эцэг эхийн төлөөлөл оролцсон юм. Үүнээс үе тэнгийн дарамтад өртөж байсан уу? гэх асуултад хүүхдүүдийн 22.3 хувь нь тийм гэсэн хариуг өгсөн бол эцэг эхчүүдийн хувьд 26.9 хувь нь хүүхдээ дээрэлхэлтэд өртсөнийг мэдсэн бол 32.1 хувь нь энэ талаар огт мэдээгүй байсан.
Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхэд сэтгэл зүйн асар их гэмтэл авдаг. Энэ нь тухайн хүүхдэд насан туршид нь хадгалагдаж, аливаа асуудалд сөрөг байр суурьтай болох хандлагатай болгодог. Мөн амиа хорлосон өсвөр насны хүүхдүүдийн 80 орчим хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн байдаг. Сэтгэл зүйчид хандаж буй хүүхдүүд ч мөн ийм шалтгаантай. Тиймээс энэ үйл ажиллагааг зайлшгүй зохион байгуулж нийгмээрээ тэмцэж энэ асуудлыг нэн даруй таслан зогсоох хэрэгтэй.
Т.Бямбажаргал