Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд иргэдээс санал авч байна. Уг хуулийг төслийн хэлэлцэхийг УИХ-аас дэмжсэн юм.
-ТЭТГЭВРИЙГ УРЬДЧИЛАН АВЧ БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГААНДАА ӨГЧ БОЛНО. ИНФЛЯЦЫН ТҮВШИНТЭЙ УЯЛДУУЛАН АВТОМАТААР НЭМЭГДЭНЭ-
- Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ. Олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ
- Тогтолцооны буюу системийн өөрчлөлт хийхийн тулд хуваарилалтаас аажмаар хуримтлалд шилжинэ
- Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй
- Тэтгэврийн зөрүүг арилгана
- Жил бүр ахмадын тэтгэвэр инфляцын түвшинтэй уялдан автоматаар нэмэгддэг болно
-МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 5 ЖИЛИЙН 50 ХУВИЙГ УЛСААС ХАРИУЦАН ТӨЛНӨ. БУСАД ХУГАЦААГ МАЛЧИД ӨӨРСДӨӨ ХАРИУЦНА-
- Тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 жил болгон бууруулна
- Хувийн нэмэлт тэтгэврийг хүлээн зөвшөөрнө. Хувийн нэмэлт тэтгэврийн дансандаа хуримтлуулсан мөнгөнөөсөө урьдчилан авч боловсрол, эрүүл мэнд, орон сууцны урьдчилгаандаа зарцуулах боломж нээгдэнэ
- Албан журмаар болон сайн дураар даатгуулагчийн нийт шимтгэлээс 2 хувийг хуримтлалд шилжүүлнэ. Тэтгэврийн нөөц сан бүрдүүлж хуримтлалд шилжих эхлэлийг тавина
- Даатгуулагчийн нэрийн дансыг мөнгөжүүлнэ. Мөнгөжүүлсэн тохиолдолд өвлөгдөнө. Мөнгөжүүлсэн орлогоо боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах нөхцлийг бүрдүүлнэ
- Хамрагдалтыг нэмэгдүүлнэ. Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 5 жилийн 50 хувийг улсаас хариуцан төлнө. Бусад хугацааг малчид өөрсдөө хариуцна
-АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ ОЛГОХДОО ТӨРСНИЙ ӨМНӨ 60, ТӨРСНИЙ ДАРАА 80 ХОНОГ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛНЭ-
- Олон жил ажилласныг урамшуулдаг тэтгэвэрийн бодолтыг оруулна. Цалингийнхаа 80 хүртэл хувиар тэтгэвэрээ тогтоон авдаг болно
- Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлох зорилгоор итгэлцүүр хэрэглэнэ. Тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
- Нийгмийн даатгалын санхүүгийн найдвартай байдлыг бий болгож, нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангана. Сангийн мөнгийг найдвартай санхүүгийн хэрэгсэлд оруулна
- Нийгмийн даатгалын засаглал, менежментийг олон улсын жишигт нийцүүлнэ
- Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ
- Амаржсаны тэтгэмж олгох хугацаа төрөхийн өмнө 60, төрсний дараа 60 байсан. Үүнийг өөрчилж төрсний өмнө 60, төрсний дараа 80 хоног болгож нэмэгдүүлнэ
- Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тогтоодог болно. Ингэснээр даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ
- Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн, эрхтний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгодог болно. Тэтгэмж олгох хугацаа 66 хоног байсныг 132 болгох зохицуулалтыг оруулна
- Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эх, эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг төрөөс хариуцна
- Төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авах шударга зохицуулалтуудыг санал болгоно
-ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДДЭГ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ОРУУЛНА-
- Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ хүрсэн түвшнээсээ буурахгүй, нэмэгддэг байх зохицуулалтуудыг оруулна
- Хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, эмчлэх, даатгуулагчийг хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд даатгал дэргэдээ эмнэлэгтэй болно
- Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг чөлөөлдөг болно
- ҮОМШӨ даатгалыг эрсдэлтэй гэж үзсэн салбаруудаас бүхэлд нь өндөр хувиар авдаг байсныг болиулан зөвхөн эрсдэлтэй ажлын байруудаас өндөр авч, бусад энгийн ажил мэргэжлээр багаар авдаг болох зохицуулалтыг оруулсан
- Нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг дахиж хэрэгжүүлэхгүй байх зохицуулалтыг тусгасан
- Нийгмийн даатгалын харилцааг олон салбарын хуулиар биш ганцхан нийгмийн даатгалын хуулиар зохицуулна
- Нийгмийн даатгалын бүх үйлчилгээг цахим болгох олон шинэлэг зохицуулалтыг тусгав