УИХ дахь намын бүлгийн гишүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн боловсруулсан Сонгуулийн хуулийг энэ долоо хоногтоо багтан УИХ-д өргөн барих гэж байна. Гэтэл Ардчилсан намаас Сонгуулийн хуулийн өөр хувилбарыг боловсруулсан гэдгийг тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдлээ. Тэрбээр "Сонгуулийн хуулинд холимог буюу пропорциональ тогтолцоо хэрэгтэй гэдэгт улстөрийн намууд санал нэгдсэн. Нийт сонгогчийн 40 гаруй хувийг дэмжлэгийг авсан нам парламентын 80 хувийг бүрдүүлж байна. Энэ бол мажоритар системийн сул тал. Тиймээс Сонгуулийн хуулийг өргөн барихад санал нэгдсэн. Гэхдээ хамтарч биш Ардчилсан нам тусдаа өргөн барих гэж байна.
Хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэнэ гэвэл татгалзахгүй. Ардчилсан намын хувьд 48:28 харьцааг зөв гэж үзэж байгаа. Учир нь энэ удаад тойргоос буюу ард түмнээс шууд сонгогддог хувь нь илүү байх ёстой гэж үзсэн. Эмэгтэйчүүдийн босгыг 40 хувь байх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Маргааш тодорхой болно" гэлээ.