Дорнодод бусдыг автомашинаар дайрсан Б.Дөлгөөнд 4 жилийн хорих ял оногдууллаа

Дорнодод бусдыг автомашинаар дайрсан Б.Дөлгөөнд 4 жилийн хорих ял оногдууллаа

Дорнод аймагт бусдыг автомашинаар дайрсан Б.Дөлгөөнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж, хохирогч Б.Санчир суумгай болсон талаар бид саяхан мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал гуравдугаар сарын 31-ний өдөр болж, шүүхээс Б.Дөлгөөнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. 

Тодруулбал, Иргэн Э.Одбаярын “Odbayar Demos.mn” нэртэй пэйж хаягт “...Иргэн Э.С-г санаатайгаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б /ЕС-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ...” гэсэн мэдээлэлд дурдагдсан иргэн Д-д холбогдох хэргийг Дорнод аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүллээ.

Тодруулбал, иргэн Д нь 2021 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С, Т, Ч нарыг тээврийн хэрэгслээр дайрч алахыг завдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн М, О, Э нарын нэр бүхий 9 иргэн бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусадтай зодолдон, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 /Хүнийг алах/, 20.16 дугаар зүйлийн 1 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс тус хэргийг 2023  оны 3 дугаар 31-ний өдөр хянан хэлэлцээд, иргэн М, О, Э нарын нэр бүхий 9 хүнийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцон хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, иргэн Д-г олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.