ШУУРХАЙ: Дорнодод бусдыг автомашинаар дайрсан Б.Дөлгөөнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж, хохирогч Б.Санчир суумгай болжээ

ШУУРХАЙ: Дорнодод бусдыг автомашинаар дайрсан Б.Дөлгөөнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж, хохирогч Б.Санчир суумгай болжээ

Иргэн Э.Одбаяр нарт шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оноосон нь эдгээр өдрүүдэд олны анхаарлыг татаад байна. Тухайлбал шүүгдэгч Э.Одбаярыг 

  • "Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн" буюу Хорих 461 дүгээр ангиас хүн оргуулсан гэх гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
  • мөн “худал мэдээлэл тараах” буюу өнгөрсөн оны долдугаар сард Дорнод аймагт гарсан автомашинаар хүн дайрч гэмтээсэн гэмт хэргийг Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд үйлдсэн хэмээн худал мэдээлсэн хэрэгт буруутайд тооцож 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нийт 1 жил 2 сарын хугацаанд оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

Тэгвэл иргэн Э.Одбаярын анх олон нийтэд мэдээлсэн гэмт хэргийн талаар нэхэн сурвалжиллаа. 

2021 оны долдугаар сарын 21-ний өдөр: Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэр, 52А байрны урд 03:00 цаг орчимд бүлэг хүүхдүүд зодолдож, 18 настай эрэгтэй Б.Дөлгөөн нь “Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй Б.Санчирыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулж, улмаар хэргийн газраас зугтсан гэмт хэрэг гарсан байдаг. 

2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр: Прокуророос уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг алах, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг-олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна. Шүүхээс уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр: Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгдэгч нар эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд хандсан гомдлыг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцжээ. Тус шүүхээс Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШТ/02 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд, М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр: Шүүгдэгч нар Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар шүүхийн тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар магадлалд гомдол гаргаж, хяналтын шатны шүүхэд хандсаныг Дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцээд "Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж" шийдвэрлэсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Товчхондоо, өнгөрсөн оны долдугаар сард Дорнод аймгийн Хэрлэн суманд үйлдэгдсэн дээрх гэмт хэргийн мөрдөн байцаалт нь үргэлжилж байгаа аж.

Харин дээрх мэдээллээс үзэхэд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжилж байгаа бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хэргийн хохирогч Б.Санчир нь автомашинд мөргүүлсний улмаас хоёр хөл дээрээ явах боломжгүй болсон гэх мэдээлэл байгаа юм.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө