Л.Гантөмөр мөрөөдөж, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байж магадгүй байна

Л.Гантөмөр мөрөөдөж, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байж магадгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 онд болно. Зургаан жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, 2027, 2028-2032, 2033 он гээд гурван парламентыг дамнан суух төрийн тэргүүний эрх мэдэлд горилогчид хэдийнээ хөдөлгөөнд орж эхэлжээ.

Тэдний зарим нь олон нийтийн сүлжээнд гэнэт л “ухаантай” улстөрчийн дүрд хувирч, иргэдийн анхаарлыг татахын тулд элдэв юм ярьж эхэлсэн нь нууц биш. Бүр зарим нь хар массын таашаалд нийцэхийн тулд “хураая, тараая” гэсэн агуулгатай, эдийн засгийн бодит тооцооноос илүү тэдний сэтгэл хөдлөлд чиглэсэн мэдэгдэл ч хийх болсон.

-ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ МӨРӨӨДЛӨӨ ИЛ ЗАРЛАДАГ ГОРИЛОГЧИД-

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Оюу толгойн ногдол ашиг болох 877 мянган төгрөгийг иргэдэд бэлнээр тараах ёстой. Ахмадууд энэ мөнгөөрөө нэг үхрийн хаа, гуя ч болтугай авах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж, нэг л өдөр ард түмэндээ хайртай төрийн түшээгийн дүрд хувирсан юм. Мэдээж, гурван их наяд төгрөгийг иргэдийн гар дээр шууд тарааж, зах зээлд асар их хэмжээний мөнгө нэгэн зэрэг нийлүүлбэл монгол төгрөг "цаас” болж, юмны үнэ тэнгэрт гарна гэдгийг тэр мэдэж байгаа. Гэвч 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг горилж, зүүдэлж яваа Л.Гантөмөрт эдийн засгийн муу үр дагавраас илүүтэйгээр “ард түмэндээ хайртай хүн” болж харагдах нь чухал.

Мөн олон нийтийн сүлжээнд Л.Гантөмөр “санаа алдаж, бодолд автсан” дүрс бичлэг хийж тараасан нь түүнийг мэддэг зарим хүмүүсийг хөх инээдийг барах болсон гэдэг.

Учир нь түүнийг мэддэг хүмүүс “Л.Гантөмөр бол тийм ч ухаантай хүн биш. Харин бор дарсанд нэлээдгүй дуртай нэгэн. АН-ын тамга, гэрчилгээг С.Эрдэнэ, Х.Баттулга нар хуваагаад авчихсан, тус нам хоёр хуваагдаад тун хэцүү байсан цаг үед огт үзэгдэж харагдаагүй этгээд. Ингээд зогсохгүй Х.Баттулгын ҮБХ-ны гишүүдийн дэмжлэгтэйгээр АН-ын дарга болсон. Бүр цаашлаад 2024 оны УИХ-ын сонгуульд АН ялагдахад Л.Гантөмөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Шадар сайд болсон. Үүнийг тэрбээр эртнээс төлөвлөсөн байж магадгүй. Иймээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж чадвал Л.Оюун-Эрдэнэ нарын дэмжлэгийг авч, ялалт байгуулна гэж тооцоод байж ч магадгүй” хэмээн ярьдаг байна.

Нөгөө талд, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн нэг нь Н.Алтанхуяг. Тэрбээр, “намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гээд надад хамаарах хэргийг анхан шатны шүүх рүү буцаагаад байна” хэмээн мэдэгдэх болсон. Тэгвэл “хувийн өш хонзон ихтэй” Н.Алтанхуяг төрийн тэргүүн огт тохирох хүн биш гэж зарим хүмүүс ярьдаг байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД О.ЦОГТГЭРЭЛ, Б.ПҮРЭВДОРЖ НАРЫН НЭГ НЬ НЭР ДЭВШИЖ МАГАДГҮЙ-

“Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэгчээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, "хар масс"-т таалагдах “тараана, хураана” гэж ярьж байгаад Төрийн тэргүүнд өрсөлддөг юм биш. Хамгийн эхний шалгуур нь намаасаа нэр дэвших мандатаа авах нь чухал. Тодруулбал, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүс эхлээд намынхаа Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн олонхын дэмжлэгийг авах ёстой. Тэгвэл зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших мөрөөдлөө ил зарлаж буй Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нар АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонхын саналыг авах ямар ч боломжгүй” ажээ. Учир нь АН-ын ҮБХ-нд тэдний фракцууд жин дардаггүй байна.

Харин хөшигний цаана АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж магадгүй гээд бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.  Тодруулбал, О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлдээ орж, битүүхэн уулзалтыг эхлүүлээд байгаа бол, О.Цогтгэрэл нэр дэвшихгүй бол Б.Пүрэвдоржийг нэр дэвшүүлнэ гэж АН-ын олон гишүүн санал нэгдэх болжээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө