УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " УИХ-ын дарга цаг өгвөл өнөөдөр, маргаашдаа багтан Сонгуулийн хуулийг өргөн барихаар төлөвлөж байна" гэж мэдэгдлээ.
Сонгуулийн хуулийг УИХ дахь намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг боловсруулсан бөгөөд намын бүлгүүд дэмжээд байгаа юм. Сонгуулийн хуультай холбоотой дараах таван өөрчлөлтийг хийж буй.
- Нэгдүгээрт, холимог тогтолцоотой байхаар өргөн барихаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, 50 хувь нь мажоритар, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хувилбараар өргөн барьж байна. Сонгогч хүнийг, намыг аль алиныг нь харж сонгох боломжийг бий болгоно.Намын жагсаалтаар янз бүрийн хүмүүс орж ирдэг гэдэг шүүмжлэл байдаг учраас нэрсийн жагсаалтыг харуулж, сонголт хийх боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарсан. Түүнчлэн, сонгогч намыг дэмжихгүй, нэр дэвшигчийг дэмжих сонголтыг нээлттэй орхиж байгаа.
- Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой өөрчлөлтүүдийг хийнэ. Тухайлбал, нэр дэвшигчид болон намуудын зурагт самбар, ухуулагчийн тоог багасгахаар тусгасан байна.
- Гуравдугаарт, гадаадад байгаа сонгогчдын саналыг авахаар ажиллана.
- Дөрөвдүгээрт,улстөрийн намын босгыг гурван хувь байхаар санал тусгасан.
- Тавдугаарт, нэр дэвшигчдийн доторх хүйсийн тэнцвэр 30 хувиас доошгүй байна хэмээн тусгажээ.