"Х Богдыг Далай ламд мөргүүлсэн үйлдэл"-д хятадууд эмзэглэж, хилээ хааж, элчин сайдаа татна зэргээр шахалт үзүүлж эхэлжээ

"Х Богдыг Далай ламд мөргүүлсэн үйлдэл"-д хятадууд эмзэглэж, хилээ хааж, элчин сайдаа татна зэргээр шахалт үзүүлж эхэлжээ

Өнгөрсөн сарын 08 /2023.03.08/-ны өдөр Далай ламын оролцсон "Дэмчог Нагбува /Хэрүга Кришначаряа" уламжлалын авшиг хүртээх хурлын бэлтгэл номын айлдварын үеэр Далай лам "тус хуралд Монголын X Богд сууж байгаа" гэдгийг онцолсон байдаг.  

Харин энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав болон зээ хүү нь, түүний охин Н.Мөнхнасан нар оролцсон нь "Монголын Х Богд нь Ц.Гарамжавын зээ хүү" гэдэг нь олон нийтэд ил болж, энэ тухай мэдээлэл түгсэн. 

-ДАЛАЙ ЛАМД МӨРГҮҮЛСЭН АСУУДАЛД ХАМГИЙН ИХ ЭМЗЭГЛЭЖЭЭ-

Манай улсын Үндсэн хуульд "Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ" гэж заасан байдаг. Яг энэ Үндсэн хуулийнхаа тайлбарыг манай тал Хятад улстай харилцаж бүрдээ олон жилийн турш тайлбарлаж, мэдэгдэж ирсэн гэдэг. Тодруулбал, манай улсын хувьд БНХАУ-ын "Нэг Хятад" бодлогыг дэмжиж ирсэн бөгөөд Тайванийн арал болон Төвөдийг Хятадын салшгүй хэсэг гэж үздэг. Харин хятадууд манай улсын Далай ламтай холбогдох үйлдэл бүрт асар их эмзэг хандаж ирсэн. Энэ ч үүднээс саяхан болсон "Монголын X Богдыг Далай ламд мөргүүлсэн" үйл явдалд Хятад ихээхэн эмзэглэж буй аж.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хятадын тал манай X Богд тодорсон асуудлыг мэдээгүйн дээр Далай ламд очиж мөргөсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дараа мэджээ. 

Эндээс бүх асуудал эхэлж, "Монгол Улс дотооддоо Х Богдоо тодруулах асуудалд хүндэтгэлтэй хандана. Гол нь Далай ламд мөргүүлснийг гайхаж байна" гэх утга агуулгаар манайд шахалт үзүүлээд эхэлжээ. Тодруулбал, хятадууд хилээ хааж манай улсад суугаа элчин сайд Цай Вэньруй болон Эрээний консул нарыг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах асуудлыг хөндөөд эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна.

Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд ажиллахаар төлөвлөсөн байсан ч гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг УИХ-аар хэлэлцэх асуудал давхацсан учраас хойшлуулсан байна.

Ямартай  Монголын Х Богдын асуудал урд хөрштэй харилцах гадаад харилцааг чилээж, манай талаас аль болох найрсаг харилцаатай байгаагаа Хятадын талд сануулж байгаа аж. Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын хугацаанд БНХАУ-д айлчлах товтой байгаа бөгөөд дээрх асуудлаар шалтгаалан хойшилж магадгүй байгаа аж.