Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг батлав

Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг батлав

Ийнхүү Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүд 100%-ийн саналаар буюу чуулганд оролцсон 46 гишүүн бүгд дэмжсэнээр батлагдав.

Уг тогтоолд Оюу толгойн гэрээг сайжруулж, хуульд нийцүүлэх талаар найман зүйлийг багтаасан юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд  Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох талаар орсон. Энэ заалтыг хатуу баримтлах хэрэгтэй. Энэ тогтоолыг гаргахаас арга байхгүй. Дубайн гэрээг засаж сайжруулах талаар нэн яаралтай хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Гэхдээ Оюутолгойн үйл ажиллагаа үргэлжилнэ. Гэрээ байгуулснаас хойш УИХ анх удаа шийдвэр гаргах гэж байна. АТГ-ын дүгнэлтэд ч, УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтэд ч Дубайн гэрээ олон улсын гэрээ хэлцэл биш гэж дүгнэсэн. Монгол Улс 34 хувийг үнэгүй эзэмших ёстой байсныг Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үнэтэй эзэмшсэний төлөө 1.4 тэрбум долларын өртэй болоод байна. 6.2 тэрбум долларын ашгийг Рио Тинто авсан байхад Монгол Улс 0 төгрөг авсан байна. Одоо гэрээг өөрчлөхгүй бол бид хэзээ ч ногдол ашиг авахгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон тохиолдолд л хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр гэрээ байгуулсан ч 6 тэрбум доллароор хөрөнгө оруулалтаа нэмээд 11.1 тэрбум долларт хүргээд байна. Тогтоолын дагуу Ажлын хэсэг байгуулж Л.Оюун-Эрдэнэ сайд ахлах байх. Энэ хүнээс бусад хүн ОТ компанийнхантай уулзахыг хориглож, Монгол Улс нэг цонхоор ажиллах ёстой гэж гишүүд хэлж байв. 

ТУХАЙЛБАЛ, 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 2010 оны ТЭЗҮ-ээр 14.5 тэрбум долларын хөрөнгө зарна гэсэн тооцоо байсан. 2015 оны ТЭЗҮ-ээр 14.5 маань 42.3 болж 27 тэрбум доллароор өссөн. Яагаад гэхээр хөрөнгө оруулалтын дизайн өөрчлөгдсөн гэсэн. 2010 онд 375 сая тонн нөөцтэй байсан бол 499 сая тонн болж 2015 онд 30% нэмэгдсэн. Гэтэл хөрөнгө оруулалт 3 дахин нэмэгдсэн. Энэ тооцоог шалгах, судлах шаардлага үүссэн гэв.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Засгийн газар гуравдугаар зүйлд анхаараач. Монгол Улс 34 хувиа өрөндөө өгөөд авах ёстой татвар роялтигаа авдаг болбол тухай бүртээ илүү ашиг хүртээд явна. Энэ бол Ашигт малтмалын тухай хуульд байгаа зохицуулалт.ОТ-н гэрээг цуцлах асуудал огт байж болохгүй. Засгийн газраас саналаа оруулж ирээд эцсийн шийдвэрийг УИХ гаргая. Ингэж шийдэхгүй бол алсдаа улам хэрүүл болохоор байна. Шаардлагатай бол Засгийн газар УИХ-аас ажлын хэсэгтээ гишүүд оруулаад шийдмээр байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:Нэг цонхны бодлогыг дэмжиж байгаа. Бүтэн 6-7 сарын турш хэлцэл хийх боломжгүй байж ирсэн. Эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газрын төлөөллөөс бусад нэг ч хүн уулзаж болохгүй гэж хязгаарлах ёстой. Д.Ганболд, Б.Бямбасайхан нар гарын үсэг зурах эрх олгосон 99-р тогтоол, 2015 оны нэгдүгээр сарын 23-нд Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Засгийн газрын шийдвэр тогтоол, шийдвэрээр явж болно. Гэхдээ хөрөнгө шийдэхтэй холбоотой, их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээн дээр яамдын санал авч, Засгийн газрын хуралдаанаар албажих ёстой ч энэ процессыг орхисон. 12 хоногийн дараа шүүхийн захирамжийг бичгээр авсны дараа цаашид яахаа шийднэ.

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт:ОТ компанийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлж гурван гишүүн байгаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Сүхбаатар, миний бие Түмэнцогт нар ажиллаж байна. Бид ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар Эрдэнэс Оюу толгойгоос удирдамж авч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, зардлын хэтрэлт, өгөөж дээшлүүлэх, хүүг бууруулах талаар ажиллаж эхэлсэн. Өгөөж бол татвар ногдол ашигаар авахаар байгаа. Өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Хамгийн чухал нь Эрчим хүчийг Монголоос хангуулах. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудал байгаа. Энэ үйлдвэр баригдсанаар дотроо боловсруулж, цэвэршүүлэх ажил хийгдэнэ. Бэлтгэн нийлүүлэх ажлыг Монгол компаниудаар хийлгэхэд анхаарч байгаа. Төслийн хүрээнд орж ирж байгаа 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулагдаж байна. Төслийг урт хугацаанд өгөөжийг харсан бодлогыг "Эрдэнэс Монгол" барьж ажиллаж байна. Томоохон асуудлуудыг ЗГХЭГ-тай байнга хамтарч ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:Дубайн гэрээ Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн нь үнэн.2009, 2011, оны гэрээ 2008 оны УИХ-ын 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоол энэ болгоныг сайжруулж, Монгол Улсын хууль тогтоомжтой нийцүүлж сайжруулж, шаардлагатай бол зөвлөх үйлчилгээ авах талаар тогтоолын төсөлд оруулсан. Д.Тэрбишдагвын ахалсан Ажлын хэсгийн дүгнэлтийн 1.12-т хууль тогтоомжийг зөрчсөн учраас Дубайн гэрээг хүчингүй болго гэсэн санал байгаа. Гэхдээ Засгийн газар руу яагаад өгч байгаа гэхээр Засгийн газартай хамтарч, гэрээг сайжруулж, шинэчлэл хийх, зээлийн хүүг бууруулах, менежментийг сайжруулах зэрэг саналыг Оюу толгойгоос ЗГ-т өгсөн юм билээ. Тиймээс цуцлахаасаа илүүтэй сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

ШУУД ҮЗЭХ: