ВИДЕО: "Оросуудын эзэлсэн Мариуполь хотод В.Путин айлчилсан" гэсэн мэдээллийг ОХУ-ын хэвлэлүүд цацаж эхэлжээ

ВИДЕО: "Оросуудын эзэлсэн Мариуполь хотод В.Путин айлчилсан" гэсэн мэдээллийг ОХУ-ын хэвлэлүүд цацаж эхэлжээ

Украины Мариуполь хот өнгөрсөн оны тавдугаар сар /2022.05/-д Оросын цэргүүдийн хяналтад орсон. Тэгвэл Москвагийн цагаар өнөөдөр /2023.03.19/ өглөөний 6:00 цагийн орчимд Оросын төрийн агентлагууд Кремлийн хэвлэлийн албанаас иш татан “В.Путин Мариупольд ажлын айлчлал хийсэн" гэж мэдээлжээ. Харин энэ мэдээлэл Кремлийн албан ёсны вэбсайтад хараахан гараагүй байна.

Оросын төрийн агентлагууд В.Путин Мариуполь руу нисдэг тэргээр нисч, "дараа нь автомашинтай хотын хэд хэдэн дүүргийг тойрон явсан" гэжээ. Оросын “Интерфакс” агентлагийн мэдээлснээр В.Путин мөн "Мариуполь хотын эрэг орчмын дарвуулт завины клуб, театрын барилга зэрэг газруудад очсон” гэжээ. Гэсэн хэдий ч В.Путины тус айлчлалыг баталгаажуулсан видео, зураг нийтлэгдээгүй бөгөөд BBC зэрэг дэлхийн томоохон агентлагууд энэ мэдээллийг баталгаажуулж чадахгүй байгаа аж. Сонирхуулахад, Оросын цэргийн хяналтад ороод буй Украины нутаг дэвсгэрт В.Путин өмнө нь хэзээ ч очиж байгаагүй юм.

Эх сурвалж: BBC