УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн биед халджээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн биед халджээ

УИХ дахь МАН-ын бүлгийн энэ долоо хоногийн даваа гарагийн хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан “Дубайн гэрээ” буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх асуудлаар ярилцжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн биед халдсан талаар нийтлэлч н.Оргилмаа baabar.mn сайтад нийтэлжээ.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Оюутолгой төсөл”-ийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Улс төрийн түвшинд, цаашилбал, шүүхийн түвшинд энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг буруутгасан байр суурь илэрхийлсээр байх нь гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг дохио өгнө. Түүнчлэн ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцогдоно” гэжээ. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Рио Тинто”-гийн талд байнга зогсдог гэж Ц.Нямдорж сайдыг шүүмжилжээ. Хариуд нь Ц.Нямдорж сайд Х.Болорчулуун гишүүнийг олон жил шантааж хийж амьдарлаа, одоо боль гэсэнд тэрээр Ц.Нямдорж сайдын хоолойг нь боож түлхсэн тухай нийтэлжээ.

-ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАСАН “ДАРХАН
МОНГОЛ НОГООН НЭГДЭЛ” ТББ ГЭЖ ЮУ ВЭ?-

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 18 ны өдөр болсон шүүх хурал нь “Оюутолгой” болон “Дубайн гэрээ”-г илт хууль бусад тооцсон буюу гэрээтэй холбоотой маргаан биш. Харин Ерөнхий сайдын 2015 онд “ажлын хэсэг байгуулсан тухай”, “Удирдамж батлах тухай” зэрэг захирамжууд хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргааныг хэлэлцсэн байна. Учир нь “Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ-аас “Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд дангаар шийдвэрлэсэн учир илт хууль бус” гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ. Иймд шүүхээс “Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Дархан Монгол Ногоон Нэгдэл хэмээх төрийн бус байгууллага /ТТБ/ нь 2014 оны наймдугаар сарын 1-ны өдөр “Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, сурталчлах” гэсэн үйл ажиллагааны чиглэлээр Улс бүртгэлд бүртгүүлж байжээ. Одоо тус байгууллагын тэргүүнээр Д.Дашням гэх иргэн ажилладаг гэж Улсын бүртгэлийн мэдээлэлд дурьджээ. Тус төрийн бус байгууллага DMNN хаягтай facebook.com/dmnegdel хэмээх facebook хуудсаар дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэдэг байна.

Харин энэ оны аравдугаар сард ЦЕГ-аас мэдээлэл хийж "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжинд Эрүүгийн хуулийн 17.6 буюу Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэгүүсгэн, яллагдагчаар татаад байгаа тухай мэдээлсэн юм. Иймд тус байгууллагын үйл ажиллагаанд Х.Бээжинд оролцдог, мөн тус байгууллага Босоо Хөх Монгол ТТБ-тай хамтын ажиллагаатай ажээ.

-М.ЭНХБОЛДЫН ЭСРЭГ ОЮУН-ЭРДЭНЭ, Т.АЮУРСАЙХАН НАРТАЙ
ХАМТ Д.ДАШНЯМ ЖАГСАЖ ЯВЖЭЭ-

Нийтлэлч н.Оргилмаагийн нийтлэлд Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг сонссон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “бөөрөнхийлсөн” байр суурь илэрхийлж байжээ. Мөн МАН-ын бүлгийн зарим гишүүд асуудалд нухацтай хандахгүй бол “саарал” байтугай “харжагсаалт”-д ч болзошгүйг сануулахад тэрээр санал нэгдэх хандлагатай байж. Харин тэрээр Т.Аюурсайхан нарын зарим гишүүний шүүмжлэлтэй тулгарч байсан тухай өгүүлжээ.

Учир нь М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах жагсаалыг Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэнар 2018 оны арванхоёрдугаар сард зохион байгуулах үеэр “Дархан Монгол Ногоон Нэгдэл” ТТБ-ын тэргүүн Д.Дашням тэдэнтэй хамт тус жагсаалд оролцож явжээ.




Өнөөдөр туулай өдөр

6 цагийн өмнө