Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "ажлаа өгөхөөр, өрөөгөө цэгцэлсэн" бөгөөд дэд дарга нар нь дараагийн ерөнхийлөгчид амбицлаж эхэлжээ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "ажлаа өгөхөөр, өрөөгөө цэгцэлсэн" бөгөөд дэд дарга нар нь дараагийн ерөнхийлөгчид амбицлаж эхэлжээ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг аль зургаан сарын өмнөөс улстөрийн хүрээнд ярьж эхэлсэн.

Хамгийн сүүлийн мэдээллээр түүнийг "Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа “Бэрэн групп”-д зээл олгосон гэх хэрэг"-т буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүх уг хэргийг хэлэлцэх хугацааг ирэх сарын 17-ны өдрийг /2023.04.17/ хүртэл хойшлуулсан бөгөөд Б.Лхагвасүрэн нарын 32 хүнд хилийн хориг тавиад байгаа юм.

Тэгэхээр тэрбээр хилийн хоригтой байгаа гэсэн үг. Тэгвэл дээрх асуудлаас үүдэн Б.Лхагвасүрэн Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр Монголбанкан дэх  өрөөгөө суллан бүх ажлаа цэгцэлж хүлээлэн өгөхөд бэлэн болгожээ.

Тэгвэл түүний дараа Монголбанкны дараагийн ерөнхийлөгчөөр хэн томилогдож ажиллах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Тус банк Г.Дөлгөөн,  Г.Энхтайван гэх хоёр дэд ерөнхийлөгч, Д.Ган-Очир, А.Энхжин, Э.Анар гурван гэх захиралтай. Эдгээрээс Г.Дөлгөөнийг яллагдагчаар татан шалгаж байгаа. Тэгвэл тус захирлуудын зарим нь Монголбанкны дараагийн ерөнхийлөгчид амбицлаж, өөрийгөө дэмжүүлэхээр гүйлдэж яваа аж. Харин зарим ажилчид “Хэрвээ одоогийн дарга нараас ерөнхийлөгч томилбол банк бус санхүүгийн байгууллагатай дарга нарын асуудал цэгцрэхгүй. Байдал одоогийнх шиг хэвээр үргэлжилнэ” гэж байгаа аж.

Сануулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Банк бус санхүүгийн байгууллагатай Монголбанкны  дарга нар анхааралтай байгаарай. Дараагийн дэлбэлэлт энэ салбарт болно шүү” гэж мэдэгдсэн. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны дарга нартай уулзахдаа “Банк бус санхүүгийн байгууллагын ажлаа хийгээд яв. Эсвэл ажлаа хий” гэж сануулсан. Цаашлаад зарим хэвлэлд банк бусаар мөнгө хүүлдэг Монголбанкны удирдлагуудын хамаарал бүхий сүлжээг олон нийтэд ил болгосон. Энэ мэт асуудлаас үүдэн тус банкны дарга нар сандралтай байгаа бөгөөд Б.Лхагвасүрэнгээс эхлээд улстөрийн шахалтаар чөлөөлж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд, УИХ-ын даргын түвшинд түүнийг чөлөөлөх асуудлыг ярьж, тохирсон аж. Б.Лхагвасүрэнг 2016 онд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр 2019 онд ерөнхийлөгчөөр томилж байжээ. Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилдог. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаа 2025 оны арваннэгдүгээр сард дуусах байв.