“Бүргэдийн баяр 2023" арга хэмжээ "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт өнөөдөр эхэллээ

“Бүргэдийн баяр 2023" арга хэмжээ "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт өнөөдөр эхэллээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо ТББ, "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолбор газартай хамтран “Бүргэдийн баяр” арга хэмжээ 2023 оны гуравдугаар сарын 4,5 өдрүүдэд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт хоёр xоногийн хугацаанд зохион байгуулж байна.

Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ болж буй юм.

Бүргэдийн баяр нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг юм.

Түүнчлэн Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн билээ.