УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосодатай албан ёсны хэлэлцээ хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосодатай албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжигийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосодатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгаагаа тодотгож байв.

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөллөөс үүдэн зогсонги байсан хоёр талын иргэд хоорондын харилцаа сэргэж буйтай зэрэгцэн парламент хоорондын харилцааг бататгах энэхүү албан ёсны айлчлал болж буйд туйлын баяртай байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар оюун санаа, соёл, ардчиллын үнэт зүйлсээр холбогдсон “гуравдагч хөрш” Япон Улстай бүхий л талаар харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал анхаарал хандуулан ажиллахаа тэмдэглэж, цаашид эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Япон Улсын хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.