Элчин сайд П.Сэргэлэн Итгэмжлэх жуухаа өргөн барилаа

Элчин сайд П.Сэргэлэн Итгэмжлэх жуухаа өргөн барилаа

Монгол Улсаас Катар улсад хавсран суух Элчин сайд П.Сэргэлэн тус улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Султан Аль-Мурайхи-тай өчигдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулжээ

Итгэмжлэх жуух бичгийн хувийг барьсны дараа Төрийн сайд Султан Аль-Мурайхи Элчин сайд П.Сэргэлэнг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар ярилцсан байа. 

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, хоёр орны улс төрийн найрсаг сайн харилцаанд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр зорьж ажиллахаа мэдэгджээ. Энэ хүрээнд ирэх гуравдугаар сарын 5-6-нд Монголын соёл урлагийн тоглолт, бизнес форум, загварын шоу бүхий “Монголын өдрүүд” цогц үйл ажиллагааг Доха хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдаад, энэ ажлыг амжилттай зохион байгуулахад Гадаад хэргийн яам дэмжихийг хүссэн байна.

Түүнчлэн, хоёр орны хооронд агаарын харилцааны болон иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг эцэслэсэн бөгөөд манай талаас хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулж, хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх, иргэд харилцан чөлөөтэй зорчих нөхцөл бүрдүүлэх сонирхолтойг илэрхийлжээ.

Төрийн сайд Султан Аль-Мурайхи Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгийн хувиа барьж, Монгол Улсаас Катар улсад хавсран суух Элчин сайдын хариуцлагатай ажилд орж байгаад баяр хүргээд, Катар улсын Гадаад хэргийн яам Элчин сайдад үүргээ гүйцэтгэхэд бүх талаар дэмжихээ мэдэгдсэн байна. Мөн, тэрээр Катар улс Монгол Улстай харилцах харилцаандаа чухал ач холбогдол өгдгийг онцлон, энэ харилцааг эдийн засаг, худалдаа, соёл, спортын салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэх Элчин сайдын санаачлагыг дэмжих, Катар Улсад зохион байгуулах "Монголын өдрүүд" үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах бүх талаар хамтарч ажиллахаа мэдэгджээ.