"Оросын түрэмгийлэлд Украины иргэд амиа алдсанд харамсаж буйгаа илэрхийллээ" гэж В.Зеленский У.Хүрэлсүхтэй утсаар ярьсан талаар жиргэжээ

"Оросын түрэмгийлэлд Украины иргэд амиа алдсанд харамсаж буйгаа илэрхийллээ" гэж В.Зеленский У.Хүрэлсүхтэй утсаар ярьсан талаар жиргэжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярих “санал тавьсан” байдаг. Энэ талаар зарим эх сурвалжууд, “Орос, Украины хурцадмал асуудалд “дундын байр суурь”-тай байгаа улс орнуудын тэргүүнүүдтэй В.Зеленский утсаар ярих санал тавьж байгаа” хэмээн тайлбарлаж байгаа юм. Учир нь манай улс ОХУ-ын эсрэг НҮБ-ын тогтоолын санал асуулгад “түдгэлзсэн” байр суурь илэрхийлсээр байгаа. 

Сар шинийн баяны шинийн 1 /2023.02.21/-ны өдөр тэд утсаар ярилцсан байна.

Энэ талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский өөрийн твиттер хуудастаа, “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярилаа. Оросын түрэмгийлэлд Украины иргэд өртөж амиа алдсанд харамсаж буйгаа илэрхийлж, бид харилцаагаа хөгжүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглэв” гэжээ. 

Харин энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй түүний хүсэлтийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр утсаар ярив. Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленский монголын ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хүнд цаг үед Монгол Улс Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, хоёр талын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Тэрбээр Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа дурсав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнд цаг үед цаг зав гарган утсаар ярьж, Монголын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Украин Улс дахь нөхцөл байдалд сэтгэл санаа зовж байгаагаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг дипломат үйл ажиллагааг эрчимжүүлж, яриа хэлэлцээ, энхийн замаар асуудлыг шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар болохыг онцлон дурдав.

Мөн Монгол Улс хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тэнцвэртэй хөгжүүлэхийг зорьдог бөгөөд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаагаа тэмдэглэв. Хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцон, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж буйгаа нотлов” гэж албаны ёсны мэдээлэл нийтэлжээ.