Гэвш зурхайч Г.Батсуурь: Туулай, тахиа жилтэй хүмүүс тусгайлан засалтай бол гахай, хонь жилтнүүд ивээлийн засалтай /ВИДЕО/

Гэвш зурхайч Г.Батсуурь: Туулай, тахиа жилтэй хүмүүс тусгайлан засалтай бол гахай, хонь жилтнүүд ивээлийн засалтай /ВИДЕО/

"Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн талаар Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Гэвш зурхайч Г.Батсуурьтай ярилцлаа.

ВИДЕО:

-"Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн өнгө нь зурхайн номд хэрхэн буусан бэ?

-Усан туулай жил нь эм жил буюу зөөлөн жил гарч байгаа. Хөгшид өвгөдөд ээлтэй. Залууст ердийн, нялхас хүүхдүүдэд анхаарууштай жил гэж зурхайн ухаанд заасан байна. Жилийн ерөнхий төлөв нь хур тунадастай. Үр жимс цагтаа ургаж, дэлгэр сайхан жил болно. 

-"Үзэсгэлэн болгогч" хэмээх ёгт нэрийн талаар сонирхуулаач?

-Ёгт нэр гэдэг бол нэг оныг нөгөөхөөс нь ялгаж байгаа бэлгэдэл, онцлог нэр. Жарны жилүүд бүгд ёгт нэртэй байдаг. Тухайлбал, Үзэсгэлэн болгогч, Согтууруулагч, Урвуулагч, Алтан унжлагат гэх зэрэг. Эдгээр нэрс нь жарнаар холбогдоод гарчихсан байдаг учраас өөрчлөх боломжгүй.

-Зарим иргэд орон байрны хаалга нь цог хийморийг зүгтээ таарахгүй байна гэгчлэнгээр эргэлздэг. Тиймээс та Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах ёсны талаар тайлбарлаач. 

-Хөдөө орон нутаг байдаг хүмүүс овоо, уулан дээрээ гараад тэндээсээ мөрөө гаргадаг зан заншил байдаг. Байрны хүмүүсийн тухайд цог хийморийн зүг нь урд зүгт байхад тухайн байрны хаалга нь хойд зүгт байж таарвал тухайн хүн нь байрнаасаа гараад нэг цэг аваад тухайн цэгээсээ зан үйлээ хийгээд мөрөө гаргаж болно. 

-Туулай жилд ямар жилтнүүд онцгой анхаарах хэрэгтэй вэ?

-Энэ жилийн тухайд туулай жил орж байгаа учир туулай жилтэй хүмүүс тусгайлан засал хийлгэх хэрэгтэй. Мөн тахиа жилтэй хүмүүсийн хувьд их харш жил нь гарч байгаа учир тусгайлан засалтай. Хулгана, морь жилтэй хүмүүс мөн харшийн засалтай бол гахай, хонь жилтэй хүмүүс ивээлийн засалтай. Харин 33-ны мөчлөг, 54,55 настай гээд хүмүүс насны, 9, 18, 27 насныхан насны гүмэг уншуулах хэрэгтэй. Ер нь нийт хүмүүс жилээ угтаж, жилийнхээ сайн сайхан, эрүүл саруул, цог хийморьтой байх тухайд засал номоо хийлгэж болно. Жилийн хар нохойн ам буюу хамгийн цээртэй зүг нь зүүн зүгт байгаа учраас хулгана жилтэй хүмүүс цог хийморийнхоо зүг рүү гарахгүй энгийн, амин хишгийнхээ зүг рүү гараад буян хишгийнхээ зүгээс ирнэ.

-Тухайн жилийнхээ засал номыг хэдний дотор хийлгэх ёстой гэсэн хугацаа байдаг болов уу?

-Монголчууд шинэ жил гарч, бидний зам мөр, заяа тавилан гайгүй байгаасай гэж үзэн засал номоо шинийн 8, 15-ны дотор багтаан хийлгэхийг зорьдог. Харин зурхайн засал ном заавал шинийн 8, 15-ны дотор хийлгэх хэрэгтэй гэсэн ойлголт байдаггүй. Тийм учраас өөрсдийн боломжоороо засал номоо хийлгэж болно. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө