АНУ-ын тэнгисийн флот удахгүй хүлээж авах гэж буй байлдааны шинэ хөлгөө дэлхийн хоёрдугаар дайны үед гавьяа байгуулсан хар арьст цэргийн нэрээр нэрлэхээр төлөвлөж байжээ.
Гэвч ерөнхийлөгч Дональд Трамп уг төлөвлөгөөг өөрчилж, хөлгийг өөрийн нэрээр нэрлүүлэхээр ярьж буйг албаны гурван эх сурвалж баталсан байна.Анхны төлөвлөгөө ёсоор шинэ хөлгийг дэлхийн хоёрдугаар дайнд Пёрл Харборын халдлагын үеэр баатарлаг гавьяа байгуулсан усан цэргийн нэрээр “USS Doris Miller” гэж нэрлэх гэж байжээ.
“Энэ бол дүрэмт хувцас өмссөн дайны баатар, цэргийн алба хаагч бүрийн нүүр рүү нулимсан хэрэг. Дорис Миллер бол эр зориг, амь нас, хүчин зүтгэлээрээ Америкийн түүхэнд бичигдсэн хүн. Харин Дональд Трамп бол зөвхөн өөрийнхөө төлөө яваа хүн” гэж Америкийн өнгөт арьст иргэдийн эрхийг хамгаалах үндэсний байгууллагын (NAACP) тэргүүн Деррик Жонсон шүүмжилж байна. Энэ асуудлаар тодруулахад АНУ-ын тэнгисийн хүчний удирдлага тайлбар өгөхөөс татгалзсан бол Цагаан ордон асуултыг Пентагон руу шилжүүлсэн ч мөн л хариу өгөхөөс татгалзжээ.
Тэнгисийн цэргийн тогооч Миллер 1941 онд Пёрл Харборын бааз халдлагад өртөхөд Японы дөрвөөс зургаан бөмбөгдөгч онгоцыг буудаж унагасан гэдэг. Ингэхдээ тэр онгоцнуудыг унагасан зэвсгээ ашиглах талаар албан ёсны ямар ч сургалтад хамрагдаагүй нэгэн байжээ. Миллер 1943 онд Liscome Bay хөлөг Японы бөмбөгдөлтөд өртөх үеэр алагдсан юм. Уг халдлагын үеэр хөлгийн багийн гуравны хоёр нь алагдсан гэдэг. 2001 онд бүтээсэн “Pearl Harbor” кинонд Миллерийн дүрийг жүжигчин Куба Гүүдинг Жүниор бүтээж байжээ. АНУ-ын ерөнхийлөгч агсан эрхмүүдийн нэрээр тэнгисийн байлдааны хөлгүүдийг нэрлэдэг уламжлалтай.
Гэхдээ одоо ерөнхийлөгчийн албыг идэвхтэй хашиж буй хүний нэрээр нэрлэсэн түүх байдаггүй. Тиймээс Трампын төлөвлөгөө тал талаас ширүүн шүүмжлэлтэй тулгарч байна. Аризона мужийн Ардчилсан Намын сенатор, тэнгисийн цэргийн офицер асан Марк Келли “Пёрл Харборт байгуулсан Дори Миллерийн гавьяа бол домог бөгөөд тэр үүнийхээ төлөө Тэнгисийн Загалмай одон хүртсэн. Тэнгисийн нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн нэрийг огт өөрчлөх ёсгүй. Тэр тусмаа Дори Миллер шиг амиа золиосолсон цэрэг эрчүүдийг гутаан доромжилсон Дональд Трампын нэрээр нэрлэж бүр болохгүй” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: CNN