Б.Номин-Эрдэнэ: Нөхөр маань гадаад хүн гэж хойш суулгүй хадам аав, ээждээ туслахаар хөдөөгийн амьдралд суралцсан /ВИДЕО/

Б.Номин-Эрдэнэ: Нөхөр маань гадаад хүн гэж хойш суулгүй хадам аав, ээждээ туслахаар хөдөөгийн амьдралд суралцсан /ВИДЕО/

XVII жарны "Үзэсгэлэнт бологч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн баяр айлчлан ирлээ. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж байна уу. iSee.mn сайт энэ удаагийн сар шинийн тусгай дугаартаа АНУ-аас Хэнтий аймгийн Өмнө Дэлгэр сумын малчин Баатарсүрэнгийн хүргэн болж, хадам аав ээждээ туслахаар Монголын мал аж ахуйн амьдралд суралцаж буй Матт болон түүний гэр бүлийг онцоллоо. Ингээд тэдний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

-Сайн байцгаана уу. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу. Юуны түрүүнд танай үзэгчдэд өөрсдийгөө танилцуулаач?

-Сайн байцгаан уу. Намайг Баатарсүрэнгийн Номин-Эрдэнэ гэдэг. Манай аав, ээж хоёр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллаж, амьдардаг малчин түмэн байдаг. За тэгээд бидний зүгээс Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэндийг хүргэе. Хажууд миний нөхөр сууж байна. Манай нөхөр Америк Улсын иргэн.

-Матт манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаарай?

-Сайн байцгаана уу. Намайг Матт гэдэг. Би 26 настай. Би математикийн багшаар ажилладаг. Монголд ирээд гурван жил болж байна.

-Анх яаж танилцаж хаана, яаж танилцсан бэ?

-Бид хоёр анх 2020 онд Хятад Улсад танилцаж байсан. Тэгээд удалгүй Монгол руу буцаж ирэх ёстой байсан болохоор хамтдаа ирсэн.

-Маттын хувьд Номиог анх харсан сэтгэгдлээ хуваалцвал?

-Номиог анх харахад маш хөөрхөн харагдаж байсан. Анх танилцсан өдрөө бид хоёр хоолонд орсон. Түүний дараа дахиж энэ охинтой яаж уулзах вэ. Энэ охин надтай яавал ахиж уулзах бол гэж их бодсон. Тэгээд цэцэг явуулж, жимс авч өгч байсан. Тэгж л найрсан даа.

-Монголдоо ирээд хөдөө аав ээж дээрээ очиход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Анх Матт манай хөдөө гэрт очиход би очоогүй. Матт өөрөө манай ах эгчтэй хамт явсан. Манай ах эгчийн машинд суугаад зах дээр хөдөө авч явах юмнуудаа бэлдэж байгаад ганцаараа Матт ганцаараа очиж танилцсан. Түүнээс хойш би бараг сарын дараа очиход аль хэдийнээ хөдөөгийн амьдралд дасчихсан хонинд явдаг болсон байсан.

-Маттын хувьд Монголд өмнө нь ирж байсан уу?

-Үгүй ээ. Би Монгол руу нүүх тухай бодож эхлээд Youtube рүү орж Монголд юу байдаг тухай харж, судалсан. Монголын тухай бичлэгнүүд үзсэний дараа надад маш их таалагдаж, Монгол явах хүсэл маань оргилж байсан. Би Монголд очиж, хөдөө явмаар байсан. Хамгийн гол нь Номингын аав, ээжтэй уулзан гэдэг намайг догдлуулж байсан.

-Харин ирсэний дараа юу өөр байв?

-Маш өөр байсан. Би анх Хятадтай зэргэлдээ байдаг жижигхэн улс гэдгээс өөр юм мэддэггүй байсан бол одоо Монгол Улсын талаар маш сайн мэддэг болж, бүх зүйлсэд нь дурладаг болсон доо. Ялангуяа хөдөө явах сайхан шүү. /инээв/

-Маттыг анх аав, ээждээ танилцуулах явц яаж явагдав. Мэдээж малчид маань гаднын хүн гэхээр төдийлөн сайн мэддэггүй шүү дээ?

-Би нэг ийм европ залуу сонирхдог. Надад таалагддаг байсан. Тийм болохоор багаасаа аав ээждээ ярьдаг байсан. Би ийм хүнтэй сууна гэдэг байсан болохоор Хятадад байхаасаа л бид хоёр аав, ээжтэй утсаар ярьж байнга хэлдэг байсан. Ерөнхийдөө би нөхрөө гадаад хүн гэж хардаггүй. Энэ гадаад хүн битгий ажил хийлгэ гэж хэлдэггүй. Манай ааж, ээж хоёр "За Матт яах юм бэ. Амар амар ядарна. Гэртээ амар" гэдэг. Тэгэхээр нь би "За яах юм бэ. Маттыг ажил хийлгэ" гэдэг. Маттад бас өөрт нь хэлдэг "Чи харь гарагаас ирээгүй. Харь гарагийн хүн биш юм чинь хүмүүс хаана амьдарч байна. Хөдөө байна уу. Хаана ч байсан чи хүмүүсийн хийж байгаа ажлыг хийж чадна. Сурч чадна. Хүмүүс юу идэж байна. Тэрийг ид. Хүмүүс юу хийж байна. Тэр бүгдийг хий" гээд би ерөөсөө нөхрөө хойш нь тавьдаггүй. Дандаа чи чадна гэж дэмжиж, урам зориг өгдөг.

-Маттын хувьд хөдөөгийн малчдын аж ахуй амьдрал ямар санагдсан бэ?

-Миний хувьд малчдын амьдрал маш сонин содон зүйл байсан. Хэдийгээр олон бичлэг үзсэн байсан ч яг өөрөө ирээд ажил хийж үзэх шал өөр гоё мэдрэмж байсан. Одоо бол миний хамгийн их хийх дуртай зүйлсийн нэг хөдөө явах.

-Маттын Монголд ирээд дуртай болсон зүйлсээс дурдвал?

-Мэдээж хөдөө бас хоол байна. Манай нөхөр эхлээд цуйванд дуртай байсан чинь сүүлийн үед чанасан мах хорхогт туйлын дуртай болоод байгаа.

-Матт дуртай болсон зүйлсээсээ яривал?

-Би хөдөө явах маш их дуртай. Хөдөө миний хийх дуртай зүйлсийг нэг нь хонинд явах. Яагаад гэвэл би мотоцикл унаад хонь хариулах дуртай. Гэхдээ хэдий тийм сайхан агаартай. Тухтай гоё ч гэсэн хөдөөгийн ажил маш хүнд хэцүү хүчир ажил. Гэсэн ч эдгээр ажлыг хийх нэг л сэтгэлд өег тааламжтай байдаг. Би хөдөө ирээд сурсан зүйлс гэвэл мотоциклтэй хонь хариулах, жимс түүх, хонь хяргаж чадна. Мөн хонь нядалж сурсан. Харин одоо морь сайн унаж чаддаг болмоор байна.

-Гэр бүлийн баримталдаг зарчим нь юу вэ?

-Манай гэр бүлийн хувьд хамтдаа өсөн дэвших гэх юм уу даа. Бид хоёр хамтдаа л байвал хаана ч гэсэн аж жаргалтай. Бүх зүйлсийг туулаад гардаг. Бид хоёр Монголд ирээд хамгийн анх Нарантуулаас унадаг дугуй авч байсан. Дараа нь мопед авсан. Одоо болохоор манай аав, ээж хоёр нэг машин авч өгсөн. Ерөнхийдөө бусад гэр бүлийн адилаар багаас нь их рүү өдөр бүр, сар болгон, жил бүрт бидний амьдрал өсөж дэвшсээр л байна. Бид хоёр жаргалтай байгаа.

-Маттын гэр бүлийн хувьд Номиог яаж хүлээж авсан бэ?

-Ер нь манай Маттын ээж, аавын өнцгөөс "Миний хүү чамд хайртай. Тийм болохоор миний хүү аж жаргалтай байвал бид хоёр ч гэсэн аж жаргалтай байна" гэсэн үүндээс надад ханддаг.

-Маттын хувьд Монголд ирснээс хойш болсон дурсамжтай, хөгжилтэй явдлуудаасаа хуваалцаач?

-Хамгийн түрүүнд бодогдсон зүйлээ хуваалцъя. Ер нь их олон дурсамж бий. Би өнгөрсөн зун хөдөө явсан юм. Хөдөөгөөс буцаад хадам аавтайгаа хамт Улаанбаатар хот руу явах болсон. Биднийг замд гарах үед орой болсон байсан учир Өмнөдэлгэр сумаас Улаанбаатар хот руу явах машин олдохгүй нэлээд байж байгаад нэг унаа олдсон. Тэр нь хонь ачсан ачааны машин байсан. Бид хоёр явахын тулд нэг нь машин дотор, нэг нь хонин дунд сууж явах болсон. Тэгээд хадам аав маань хонин дунд суугаад явсан. Харин би машин дотор суусан юм. Замдаа явж байтал машин шаварт сууж, бид яах аа мэдэхгүй байж байтал Багануут явж буй машинтай гэр бүл маш сайхан сэтгэл гаргаж намайг Багануур хүртэл авч явсан. Тэр бол миний хэзээ ч мартахгүй хамгийн сайхан дурсамжийн нэг байсан.

-Матт хэр халамжтай нөхөр вэ?

-Манай Маттын сайн чанар гэвэл анх учирч байхад хөлдүү төмс байсан. Тэгээд жил ирэх тусам маш ухаалаг болж, сайжирч байгаа. Зан байдал нь ч мөн илүү бодлоготой болсон. Жишээлбэл би бие угаах юм авмаар байна. Бие угаагч маань муухай болоод хэрэггүй болчихлоо гэхээр хоёр гурван өдрийн дараа надад бие угаах юм дэлгүүр ороод авч ирдэг ч юм уу. Жижиг, жижиг зүйл дээр маш их баярлуулдаг. Эмэгтэй хүн жижиг зүйл дээр илүү баярладаг. Хэдэн арван сая төгрөгийн цүнх биш гоё сэтгэл шингэсэн бэлэг сүүлийн үед өгдөг болсон. Энэ нь намайг хамгийн их баярлуулдаг.

-Гэр бүлийнх нь цаашдын зорилго?

-Бид хоёр саяхан анхныхаа хүүхдийг өлгийдөж авсан. Гурав хүрэхгүй сарын өмнө. Би болон Номингийн аав, ээж, манай аав, ээж гээд бид бүгд маш их аж жаргалтай байгаа. Бид хоёрын дараагийн зорилго гоё орон сууц худалдан авах, ирэх жилүүдэд илүү олон хүүхэдтэй болж, өөрсдийнхөө карьерт анхаарч жил болгон хүүхдийнхээ төлөө ахиж, өсөн дэвшиж амьдрах болно.

-Бидэнтэй ярилцсан та хоёртоо баярлалаа. Амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Та бүхэнд бас баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө