Д.Шаравдорж: Оны шилдэг хүүхэд болохдоо дөрвөн настай байсан болохоор зөвхөн Ерөнхий сайдад өргүүлж байснаа л санадаг /ВИДЕО/

Д.Шаравдорж: Оны шилдэг хүүхэд болохдоо дөрвөн настай байсан болохоор зөвхөн Ерөнхий сайдад өргүүлж байснаа л санадаг /ВИДЕО/

iSee.mn сайт Social ID булангийнхаа сар шинийн тусгай дугаарт Чингисийн хүүхдүүд киноны Улаанаагийн дүрд тоглож, 2017 оны Монгол Улсын шилдэг хүүхэд болсон Д.Шаравдоржийг онцоллоо. Тэрбээр манай нэвтрүүлэгт оролцохоор Архангай аймгаас ээжийнхээ хамт Улаанбаатар хотыг зорьж ирээд байгаа юм.

ВИДЕО:

-Сайн байна уу. Юуны түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Та бүхэн сайхан шинэлж байна уу. Намайг Д.Шаравдорж гэдэг. Би есөн настай. Ам бүл тавуулаа амьдардаг. Архангай аймгийн Тавдугаар сургуулийн 4Б ангид сурдаг.

-Чингисийн хүүхдүүд киноны тухайд?

-Би Чингисийн хүүхдүүд кинонд дөрвөн настайдаа тоглож байсан. Улаанаа гэдэг дүрд тоглосон. Би модон морь унаж байсан. Манай ах жинхэнэ морь унаж байсан. Ах маань наадамд яваад ирэх үед би модон морь унаад хүлээдэг байдаг.

-Кинонд тоглох ямар санагдаж байсан бэ. Жоохон байсан болохоор ойлгохгүй хэцүү зүйлс гарч байсан уу?

-Кинонд тоглоход хэцүү юм огт байгаагүй. Жоохон байсан болохоор зарим зүйлсийн бас сайн санадаггүй юм аа.

-Тэр үеэс санадаг хамгийн тод үлдсэн дурсамжаасаа хуваалцвал?

-Ерөнхий сайд намайг дээшээ өргөөд, үнсэж байсан. Тэр л их тод санагддаг.

-Киногоо одоо телевизээр үзэхээр ямар санагддаг вэ?

-Гоё санагддаг.

-Юу нь гоё санагддаг вэ?

-Ийм жоохон байхад гоё байж дээ гэдэг нь гоё санагддаг.

-Чамайг одоо гадуур явахад хүмүүс таньдаг уу?

-Анх сургуульд ороход ангийнхан таньж байсан. Бас намайг аймаг дээр явж байхад "энэ хүүхэд кинонд тоглож байсан" гэж хүмүүс өхөөрддөг.

-Гэр бүлээ танилцуулбал?

-Манайх хөдөө амьдардаг. Аав ээж хоёр мал малладаг. Бид нар буюу агаа бид гурав ихэнхдээ хичээлдээ явчихдаг. Амралтаараа л хөдөө очиж аав ээждээ тусалдаг.

-Юу хийж тус болдог вэ?

-Намар очвол хонинд явна. Үхэрээ гэртээ ойртуулж авч ирнэ. Адуундаа явна. Наадамд явна.

-Одоо жинхэнэ морь унаж сурсан уу?

-Тиймээ. Би хурдан морь унадаг болсон. Манай аавыг сумын Алдарт уяач Дамбий гэдэг. Аав маань морь уядаг. Би морио унадаг.

-Наадамд түрүүлсэн үү?

-Аймгийнхаа наадам болгонд оролцдог. Хоёр, гурав, дөрөв, таван удаа наадамд түрүүлж байсан.

-Морь унахаас өөр юу юу хийх дуртай вэ?

-Морь унахаас гадна гэрийнхээ даалгаврыг хийж, зураг зурах дуртай.

-Ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ?

-Би том болоод жүжигчин болохыг хүсдэг.

-Нэвтрүүлэгт орохоор Архангай аймгаас зорин ирсэн шүү дээ. Анх энэ мэдээг чамд хэн хэлэв. Ямар санагдсан бэ?

-Манай ах хамгийн түрүүнд "ахын дүү чи нэвтрүүлэгт явах юм байна шүү" гэж хэлсэн. Надад гоё санагдсан. Тэгээд би ээжтэйгээ Архангай аймгаас нэвтрүүлэгт орох гэж ирсэн.

-Ойрын үед хотод ирээгүй гэж сонссон. Одоо Улаанбаатарт ирэх ямар санагдаж байна?

-Улаанбаатар хотод ирэхэд гоё байсан. Гэхдээ нэг л муухай юм байна. Тэр нь түгжрэх.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Сайхан шинэлээрэй.

-Намайг үзэж буй Монголчууддаа сар шинийн мэнд дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.